“ЗӨВ ТУСГАЛ“: Гэр бүлдээ цаг гаргах нь амжилтын үндэс

: 96 өдрийн өмнө
Шаргуу ажиллахыг л амжилтын гол үндэс гэсэн эндүүрэл газар авчихсан юм уу даа. Нөгөө талаар кино, зохиолуудад эцэг, эх нь эрдэмтэн эсвэл өндөр албан тушаалтан тул байнгын ажил ихтэй байдгаас хүүхдүүд нь ганцаардмал эсвэл эрх дураараа байдаг мэтээр харуулах нь бий. Гэтэл нэр алдарт хүрсэн хүмүүс гол төлөв гэр бүлээ хамгаас илүү дээдэлдэг байжээ.

Америкийн зохиолч Мейсон Карригийн "Daily Rituals: How Artists Work" (2013) номонд 161 суут эрдэмтэн, алдартай хүмүүсийн өдрийн дэглэмийг бичжээ. Хамгийн гайхалтай нь тэдгээр хүмүүс гол төлөв өглөөгүүр тун цөөхөн цаг ажиллаж өдрийн ихэнхэд сонин унших цаг гаргаж гэр бүл, найз нөхөдтэйгөө байхыг чухалчилдаг байсан байна.

Тус номонд Францын зохиолч Гюстав Флобер, Германы зохиолч Томас Манн, Австрийн мэдрэлийн эмч Зигмунд Фрейд, Америйн зохиолч, яруу найрагч Майя Анжелу гэх мэт хүмүүсийн амьдралын мөрдлөг багтсан байна. Тэд хүүхэдтэйгээ салхилах, гэр бүл найз нөхөдтэйгеө цаг өнгөрүүлэх, зугаалах, гэртээ хоол хийх зэрэгт өдөр бүр тогтмол цаг гаргаж ягштал мөрддөг байжээ.

Мөн Английн биологич, геологич Чарлз Дарвин гэхэд өөрийн гэргий Эммагаараа гэрийнхнээсээ хүлээж авсан захидлуудыг чанга дуугаар уншуулах, бичиж байсан романаа уншуулах, түүнтэйгээ тоглолт үзэх, полли нэртэй нохойтойгоо салхилах, захиа бичих зэрэгт өдөр бүр тус тусад нь цаг гаргадаг байж.

Харин Францын архитектор, зохиолч Ле Корбюзье өдрийн дэглэмээ "Сэрээд өглөөний дасгалаа хийгээд эхнэртэйгээ хамт кофе ууна. Мөн гэргийтэйгээ хамт өглөөний цайгаа ууна. Уран зургаас гоо зүйн таашаал авч, нэгийг бясалгана. Зохиолоо бичнэ. Ажил дээрээ өглөөний шинэ санаагаа ажилчиддаа танилцуулна. Оройн 17:00 цагаас хойш гэртээ гэрийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлнэ" гэж төлөвлөжээ.
Иймэрхүү дэглэмүүд дээр дурдсан номонд орсон эрхмүүдийн ихэнхэд нь байжээ. Ингэж цаг өнгөрөөдөг байснаар тэд амьдралдаа сэтгэл хангалуун байж амжилт гаргадаг байсан ч байж мэдэх юм.


Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ?
Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаардаг байна. Иймд нийт эцэг эхчүүд, ирээдүйд ээж аав болох залуустаа зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хүүхдээ хайрлах Хайраар тэтгэгдэж, бусдын халамжинд өссөн хүн эелдэг даруу, зөөлөн цагаахан сэтгэлтэй болж төлөвшдөг бөгөөд эерэг хандлагатай, бусдад сайхан энергийг түгээж чаддаг гэдгээрээ маш том давуу талтай болж байгаа юм. Та хүүхдээ багаас нь хайр халамжаар дутаалгүй, тэдэнд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй төдийгүй амьдрал хайр, итгэл дээр тогтдог гэдгийг үг болон үйлдлээрээ харуулж байх хэрэгтэй.

Магтаж, урамшуулах Ямар нэгэн зөв зүйтэй, бусдад тустай үйлдэл хийсэн тохиолдолд үргэлж хүүхдээ магтаж, урмын үгс хайрлаж байгаарай. Хүн урмаар тэтгэгдэж амьдардаг болохоор багахан амжилт байсан ч марталгүй сайшааж, бахархам нэгэн болж байгаа гэдгийг нь сануулж байх нь сайн эцэг эхийн шинж билээ.

Бусадтай бүү харьцуул Хэн нэгэнтэй, ялангуяа нас ойролцоо хамаатны хүүхдүүдтэй нь хэзээ ч харьцуулж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийн мэдэлгүй бусадтай хүүхдээ харьцуулж, зэмлэж яагаад тэдэн шиг мундаг байж чадахгүй байгаа юм хэмээн бухимдах нь бий. Гэвч энэ нь хүүхдүүдэд хүндээр тусдаг бөгөөд арчаагүй амьтан мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.

Хүүхдээ сонсох Та хүүхэддээ зааж зааварлаж, сургаж хүмүүжүүлдэгтэйгээ адил тэдний үзэл бодол, санаа сэтгэгдлийг ч мөн сонсож байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн үзэл бодлоо тулгах нь тэднийг өөрийн гэсэн бодолгүй, бусдын сүүдэрт нуугдсан хэн ч биш болгох гол үндэс суурь нь болдог аж. Иймд та аль болох хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, өөрийн бодлоо бусдад илэрхийлэх чадвартай болгох тал дээр анхаарлаа хандуулаарай.
Хүүхэддээ цаг гарга Та хичнээн ажил ихтэй, завгүй байсан хэдий ч амьдралын утга учир болсон үр хүүхэддээ цаг зав гаргаж, анхаарлаа хандуулж байх ёстой. Хүүхэд хайр халамж, анхаарал нэхэж орчлонд ирдэг тул тэднийг хараа хяналтгүй орхиж, ганцаардахад хүргэж хэрхэвч болохгүй.

Чухал мөчүүдэд үргэлж хажууд нь бай Хүнд хэцүү, жаргалтай гэхчлэн ямар ч үед хүүхдийнхээ дэргэд байж, унахад нь түшиж, урагшлахад нь түлхэж өгөх нь ээж аавуудын эрхэм үүрэг билээ. Үүргээ биелүүлж, хүүхэд насны нандин дурсамжийг нь бүтээлцсэн эцэг эхийг хамгийн гайхалтай, сайн аав ээж хэмээн дүгнэдэг аж.
Үүргийг нь ойлгуул Хүүхдэд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэх нь тэднийг биеэ даасан болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь тэдэнд эрх үүргийг нь ухамсарлуулж, багаас нь сургаснаар ирээдүйг нь гэрэлтэй, амжилт бүтээлээр арвин байхад туслана. Зөвхөн эрхийг нь эдлүүлэх нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, өөрийгөө л гэх хандлагатай болгож өөрчилдөг юм.

Зөв үлгэр дууриалал үзүүлэх Эцэг эхийн гол үүрэг нь үр хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлэх билээ. Үргэлж хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлаар өөрийгөө чимж, үр хүүхэддээ дууриалал болж яваарай. Хийж байгаа үйлдэл, шийдвэр бүрээ хүүхдийнхээ төлөө гэж бодож байх хэрэгтэй юм.

Хувийн орон зайг нь хүндэтгэ Хүүхдэд ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй байдаг тул хийж байгаа үйлдэл бүрийг нь зааж зааварлах гэсний хэрэггүй. Заримдаа ганцааранг нь үлдээж, хүслээр нь байлгаж байгаарай. Энэ нь та хүүхэддээ хэчнээн их итгэдэг болохыг харуулж байгаа хэрэг юм.

Эрүүл зөв амьдралын хэвшилд сурга Та хүүхдээ багаас нь амьдралын зөв хэвшилд суралцуулснаар ирээдүйд бие эрхтэн төдийгүй сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг нэгэн болох аж. Иймд та хүүхэддээ эрүүл зөв амьдралыг бага багаар хэвшүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэт шаардах нь эсрэгээрээ тэднийг бухимдалтай болгож мэдэх тул шууд үзэл бодлоо тулгах бус өөрийн хүсэл сонирхолд нь нийцүүлэхийг хичээгээрэй.

ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.