“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 36 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ

: 103 өдрийн өмнө

Улс орон даяар хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоогоор 36 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ.

Тодруулбал, энэ сарын 3-ны байдлаар тус хөтөлбөрт нийт 36091 хүүхэд хамрагдсанаас цоорлын эмчилгээг 48144 хүүхэд, сувгийн эмчилгээг 9731 хүүхэд, үлдсэн нь урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг 34381, цоорол зогсоох түрхлэг 51640, шүд авхуулах 9705, шүдний ховил битүүлэх эмчилгээг 19820 хүүхэд тус тус хийлгэсэн гэдгийг Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээлж байна.

Харин 36091 хүүхдийн 1803 нь эмчилгээ хийх шаардлагагүй эрүүл шүдтэй байна.

Хүүхдийн шүд өвчтэй байх нь 200 гаруй өвчний суурь болдог гэдэг. Тиймээс хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг эмч нар хэлдэг. Учир нь улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байгаа. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байдаг.

Тиймээс улсын хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр нь 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж эхлээд ердөө cap гаруйн хугацаа өнгөрчээ. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд бий бөгөөд эхний ээлжид буюу энэ оныг дуустал 2-6 насны 366 мянган хүүхдийг дээрх хөтөлбөрт хамруулж байгаа гэнэ.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 157 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа юм. Тэдгээр эмнэлгүүд 60 мянган төгрөгт багтах эмчилгээг 2-6 настай хүүхдэд үзүүлэх учиртай.

Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм. Ингэснээрээ 2-6 настай болон зайлшгүй эмчлэх шаардлагатай 12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.