Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 ДИЖИТАЛ УР ЧАДВАР

: 94 өдрийн өмнө
 

Боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, харилцаа холбоо, төрийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжин хувьсан өөрчлөгдөж байгаатай бид өдөр тутам таарсаар байна. Энэ өөрчлөлтийг даган бизнесийн загварууд, бизнес хийх арга замууд, хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондын харилцаа дижитал технологи дээр суурилан өөрчлөгдөж байгаа билээ.

Энэ удаа уг хувьсал өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахад хувь хүнд болон бизнес эрхлэгчдэд хэрэгтэй үндсэн зургаан ур чадварын талаар хуваалцая.

1. ДИЖИТАЛ БОЛОВСРОЛ

Өдрөөс өдөрт цахим орчинд ажиллах хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр бид бүхнээс илүү их цахим ур чадваруудыг шаардаж байна. Тухайлбал бизнесийн байгууллагын энгийн нэг ажилтан оффисын програм хангамжууд, электрон шууданг сайтар ашигладаг байх нь хангалттай байсан бол одоо тухайлсан ур чадваруудыг шаардсан Photoshop, Illustrator, Google Analytics зэрэг програм, хэрэгслүүд болон оффисын автоматжуулалтын тоног төхөөрөмжүүдийг ашиглаж өөрийн хэрэгцээний түвшинд чөлөөтэй ашигладаг байхыг шаардаж байна.

Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн програм хангамж, аппликэйшн, алгоритм, стандарт болон протоколууд өдөр тутам боловсруулагдан шинээр төрөн гарсаар байна. Эдгээрийг сайтар мэдэрч өөртөө болон байгууллагынхаа хэрэгцээ шаардлагад тохируулан ашиглаж чадсанаар өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлдэг байна.

2. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Та байгууллагынхаа болон хэрэглэгчийнхээ датаг хамгаалж чадаж байгаа юу, датагаа бусдад алдсан тохиолдолд юу хийх вэ, бусдад датагаа алдсаны дараа өөрийнхөө дата руу хандахын тулд мөнгө төлж хандах хэрэгтэй болбол яах вэ, эсвэл таны датаг хэн нэгэн тантай зэрэг ашиглаж байгаа эсэхийг та мэдэж байгаа юу гэх мэт асуултуудын хариултыг бодож эхлэхэд л энэхүү ур чадварын үнэ цэнэ таны нүдэнд шууд төсөөлөгдөнө.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг нь байгууллагынхаа, хэрэглэгчийнхээ датаг хамгаалахаас гадна байгууллагынхаа нэр хүнд, бизнесийнхээ ирээдүйг хадгалж байгаа хэрэг билээ.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь олон зүйлээс хамаарсан комплекс ойлголт боловч юуны өмнө маш сайн техник технологийн шийдлээр хамгаалахын зэрэгцээ дагаж мөрдөх дүрэм журам боловсруулж, олон улсын стандартыг дагаж мөрдөх шаардлагатай. Түүнчлэн ажиллагсдын мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг боловсролыг сайжруулах сургалт явуулах нь уг ур чадварыг нэмэгдүүлэх үр дүнтэй аргуудын нэг юм.

3. ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН УР ЧАДВАР

Дижитал шилжилтийн гол хурдасгуур бол ухаалаг утас, таблет, мобайл төхөөрөмжийн хувьсал өөрчлөлт юм. Уг хувьслыг даган хөгжиж гарч ирсэн сошиал медиа сувгууд өнөөдөр улам хурдацтай хөгжиж уламжлалт мэдээллийн сувгуудаас илүү гарч ирж байгаа нь дижитал маркетингийн ур чадвар хэдий зэрэг шаардлагатай болохыг харуулж байна.

Дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг ашиглан аналитик хийж хэрэглэгчийнхээ зан төлөв, зах зээлийнхээ чиг хандлагыг мэдэрснээр бизнесийн салбарт илүү амжилт гаргах боломж нээгдэнэ. Компанийхаа бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогт тохируулан сошиал медиа маркетинг, имэйл маркетинг, контент маркетинг, чатбот зэргийн алийг нь ч ашиглаж болох бөгөөд ингэснээр дэлгэцийн цаанаас хэрэглэгчидтэйгээ харьцаж, хоёр чиглэлтэй харилцааг бий болгох боломжийг энэхүү дижитал маркетингийн ур чадвар олгож байна.

4. ДАТА АНАЛИЗ ХИЙХ УР ЧАДВАР

Хэрвээ та ямар нэг дата аналитик хэрэгсэл ашиглан өөртөө байгаа дата дээр анализ хийн манай хэрэглэгч ямар насны хүмүүс вэ, тэд хаанаас үйлчилгээгээ авдаг вэ, тэд үйлчилгээ авахдаа ямар төхөөрөмж ашигладаг вэ зэрэг олон асуултын хариултыг авч чадахгүй байгаа бол таны бизнес энэхүү өрсөлдөөний дунд цаашид амжилттай үргэлжлэхэд хүндрэлтэй болно.

Компаниуд өөрт байгаа үнэ цэнэтэй датаг боловсруулан шийдвэр гаргах түвшинд ашиглахуйц мэдлэг болгон хувиргаж чадснаар дата аналистын ажлын үр дүн болон уг ур чадвараас ашиг хүртэж эхлэх юм.

5. DEVOPS УР ЧАДВАР

Энэхүү ойлголт нь хөгжүүлэлт /development/, үйл ажиллагаа /operation/ гэсэн хоёр үгний нийлбэрээс гарч ирсэн. Програм хангамжийн хөгжүүлэлтийн баг нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бусад алба хэлтсээс тусдаа байдаг байсан хуучин хандлагыг өөрчилж хөгжүүлэлтийн баг, дижитал бизнесийн баг, стратегийн баг, маркетингийн багуудын хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлснээр бизнест илүү амжилт олох үүд хаалга нээгдэнэ гэж үздэг байна.

Дижитал шилжилтийн үед компаниуд энэхүү DevOps ур чадвараа нэмэгдүүлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар улам бүр нэмэгдэх боломжтой.

Эдгээр дээр нэмээд мэдээж хэрэг маш олон ур чадварыг нэрлэж болох боловч хэд хэдэн эх сурвалжаас харьцуулан дүгнэлт хийсний үр дүнд эдгээр зургаа нь нэн тэргүүний байх ёстой чадварууд хэмээн дүгнэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.