Сайхан шүдтэй хүн л бусдын өмнөөс нүүр бардам инээмсэглэдэг

: 54 өдрийн өмнө
Амралтын улиралд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан шүдний эмчийг зорих боломж илүү гардаг. Иймд аймагтаа шүдний согог засал, гажиг заслаар мэргэшсэн, туршлагатай хамт олон “Дархан Дентал Арт” эмнэлгийн эмч Ж.Заниамядар, Б.Нямсүрэн нартай ярилцлаа.

1998 онд байгуулагдсан “Эвийн чулуу” ХХК-ы “Дархан Дентал Арт” эмнэлэг нь шүдний гажиг засал, согог заслаар мэргэшиж, төрөлжсөн үйл ажиллагаа явуулж байна.

“Дентал Арт” хэмээн нэрлэсэн нь санамсаргүй зүйл биш байх. Энэ талаар тодруулахгүй юу?

Ж.З:

-  Дентал гэдэг нь Dentist буюу шүдний эмч гэсэн утгатай үг. Арт гэдэг нь урлаг гэдгийг та бүхэн мэднэ. Үндсэндээ “шүдний эмч урлаг хийдэг” гэсэн санаа. Гажиг засал нь төгс бишийг засч сэргээдэг бол, согог засал нь байхгүйг бий болгодог. Өөрөөр хэлбэл манайх шүдийг урлаж, эрүүл гоо сайхныг бий болгодог юм. Энэ ч утгаараа бид “Таны инээмсэглэл бидний зорилго” гэсэн уриатай ажилладаг. Мэдээж сайхан шүдтэй хүн л бусдын өмнөөс нүүр дүүрэн бардам инээмсэглэдэг шүү дээ.

Гажиг засал, согог заслын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

Б.Н:

-  Шинэхэн цаасыг базаад тэнийлгэхэд үрчийж, өнгө зүсээ алддаг. Үүнийг индүүдсэн мэт өөгүй тэгш, цэвэр болгох нь гажиг засалтай дүйнэ. Харин бүрэн бүтэн биш болж урагдаж хуваагдсан цаасыг сэргээж, хэвийн болгох нь согог засал юм. Өөрөөр хэлбэл гажиг засал гэдэг нь бүх шүд нь байгаа хэдий ч харагдах байдлын хувьд хэвийн биш байгааг төгс болгож байгаа юм.

Гажиг засалд ямар төрлийн шүдний эмгэгүүдийг засах вэ?

- Орсгой, шаамий, заалхай зуулт, хэвийн мөртөө шүднүүд нь бөөгнөрсөн, нааш цааш болсон, мөн муруй зуултууд хамаарна. Ийм эмгэгүүдийг засна. Ингэхдээ оношлогоог маш нарийн хийж, насанд нь тохирсон /хүүхдүүдийн хувьд өсөлт хөгжилтийг нь хэмждэг/ хэмжилтүүдийг хийж, оношоо тодруулж байж эмчилгээг эхэлдэг. Харахад хэвийн юм шиг мөртөө хэмжилт оношлогооний дараа орсгоо эсвэл шаамий зуултууд тодорхой болдог юм.

Ер нь шүдний гажиг юунаас бий болдог вэ? Хэрэглээ өөрчлөгдсөнөөс гажиг их болж байна гэж эмч нар ярих юм.

Ж.З:

-  Тийм ээ. Шүдний гажигийг хөгжлийн өвчин гэж нэрлэдэг. Орчин цагт хүмүүсийн агт араа бараг хэрэггүй больж байна. Ургасан ч саатчихсан, гарч ирэхээ больсон байна. Энэ нь идэж, хэрэглэж буй хоол хүнстэй шууд холбоотой. Тухайлбал одоо хүмүүс аль болох зөөлхөн хоол иддэг болжээ. Манай эмээ өвөө нар хатуу ааруул идэж, зундаа сүү цагаан идээ түлхүү хэрэглэдэг байсан бол өдгөө ааруул идэх нь ховордож, идсэн ч зөөлнийг нь шилж иддэг, махаа ялз чанаж, хүүхдүүддээ жижиглэж хэрчиж, өгдөг болсон байна. Мөн хүнсэндээ пицца, бургер гэх мэт араас нь шингэн уухад уусаад алга болдог хүнс хэрэглэдэг. Энэ бүхнээс хамаарч хүүхдийн эрүү хоншоорын ясанд зажилалт явагдахгүй, ачаалал ирэхгүй байснаар яс өсч томрохгүй, шинэ шүднүүд багтаж ургахгүй болж гажиг үүсч байна. Мөн буруу зуршил, удамшил ч үүнд нөлөөлдөг.

Хоол хүнсний хэрэглээтэй холбоотойгоор гажиг үүсч буй талаар та сая дурьдлаа. Жаахан тодруулахгүй юу?

Б.Н:

-  Манайд шүднүүд нь багтаж ургахгүйгээс гажиг үүссэн хүүхдүүд их ирж байгаа. Эцэг эхтэй нь ярилцахад “Манай хүүхэд мах иддэггүй. Ялгаад орхичихдог” гэдэг. Ерөөсөө эрүү хоншоорын яс булчин нь хоол хүнсийг зажилж, бутлах үүрэгтэй юм. Гэтэл зажилалт шаардагдахгүй, зөөлөн хоол хүнс хэрэглээд байхаар үндсэн үүргээ гүйцэтгэхгүй болж, улмаар яс нь өсч томрохгүй байгаа юм. Жишээ нь хүнд нийт 32 шүд ургах ёстой. Үүнээс 20 ширхэг сүүн шүд эхлээд ургаж, дараа нь солигдон бусад шүднүүд гарч ирдэг. Тэгэхээр 20 шүд байсан газарт дараагийн шүднүүд багтахын тулд эрүүний яс томорсон байх ёстой. Гэтэл эрүүний ясны өсөлт хөгжил явагдахгүй болохоор эрүү томрохгүй, шүднүүд багтахгүй болж байгаа юм.

Шүдний гажигийг хүүхэд байхад нь засах нь хялбар байх. Насанд хүрэгчид хэр их ханддаг вэ? Ер нь гажигаа засуулахгүй удаан явах нь ямар хүндрэлд хүргэдэг юм бол?

-  Мэдээж шүдний гажгийг бага насанд нь засахад цаг хугацаа, санхүүгийн хувьд хүндрэл багатай. Гэхдээ манайд хүүхэд гэлтгүй, насанд хүрэгчид ч цөөнгүй ханддаг. Бараг 50 хувь нь томчууд ирнэ. Удаан хугацаанд шүдний гажгийг засуулахгүй явснаар гоо сайхны төдийгүй, бие эрхтэн системийн үйл ажиллагаатай зовиурууд өгч эхэлсэн байдаг. Жишээ нь шаамий зуулт бага насанд мэдэгдэхгүй байсаар, насанд хүрсэн хойно илт мэддэгддэг болж, эрүү нь урагшаа урган, хоол тэжээлээ сайн зажилж, буталж чадахгүй, ярьж чадахгүй болсон байдаг. Мөн зарим хүмүүс байнга ам нь ангархай байснаас залгиур хамар хатах, хоолой нь байнга өвдөх гэх мэт зовиуртай болж, хоол хүнсээ сайн буталж идэж чадахгүйгээс ходоод, хоол боловсруулах замын эрхтэн сиситемдээ нөлөөлсөн байдаг. Гажиг үүсэхэд дээр дурьдсан шалтгаануудаас гадна шанаагаа байнга тулах, үзгээ амандаа хийх, хуруугаа хөхөх, амаа ангайж унтах зэргээс буруу зуршлууд ч бас нөлөөлнө.

Шүдэнд гажиг үүсч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Б.Н:

-  Таны хүүхдийн сүүн шүд унаж, дээд доод үүдэн шүднүүд шинээр ургахдаа тэгшхэн ургаж байвал хэвийн. Харин далий муруй ургаж эхэлбэл, шүднүүд багтахгүй, гажиг үүсч байна гэж ойлгох хэрэгтэй. Зарим тохиолдолд сүүн шүд унаагүй атлаа давхар шүд гараад ирдэг. Энэ бас гажиг. Ер нь хүүхдийн бие эрхтний хөгжил 9-10 насандаа хамгийн эрчтэй явагддаг. Энэ үеэс хойш зогсдог. Тэгэхээр эрт оношлуулах тусам засахад амар. Бид энэ өсөлт хөгжилтийн үеийг ашиглаж эмчилгээгээ явуулбал сайн. Хоцорчихвол үр дүн өгөх нь бага, хүндэрсэн тохиолдолд эрүүг тайрах гэх мэт мэс заслын аргаар өөрчлөх шаардлагатай тулгарна. 

Зуны амралтаар эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ шүдэнд ид анхаардаг цаг. Үүнтэй холбоотой танайхаас ямар хөнгөлөлт санал болгож байгаа вэ?

-  Бид зургаадугаар сарыг дуустал бүх үйлчилгээндээ 10 хувийн хямдрал зарласан байгаа.

Эцэг эхчүүдэд хандаж юуг анхааруулахыг хүсч байна?

- Энд нэг зүйлийг хэлмээр байна. Эцэг эхчүүд сүүн шүдийг нэгэнт унаж, дахин ургахаас хойш гээд зовиурлаж, өвдсөн шүдийг аваад өгөөч гэдэг. Энэ буруу. Сүүн шүдийг эрт авахуулснаас гажиг үүснэ. Эмч нарын авч болохгүй гэсэн зөвлөгөөг, илүү эмчилгээ хийж мөнгө авах гэлээ гэх хандлага элбэг байх юм. Тангараг өргөсөн эмч хүн хэзээ ч ашиг хонжоо харж, тийм буруу зөвлөгөөг өгөхгүй шүү дээ. Хэрвээ сүүн шүдийг өөрөө унах цагаас нь өмнө авчихвал хожим илүү урхагтай. Шүд өөрөө хоосон зайруугаа нүүж байдаг эрхтэн. Авахуулсан шүдний зайнд бусад шүднүүд нүүж, байрыг нь эзэлчихээр доороос шинээр гарч ирэх шүд гарч ирж чадахгүй саатах, эсвэл давхралдаад гарч ирнэ. Үүнээс л гажиг үүсч байгаа юм. Гэтэл үүнийг ойлгохгүй, авхуулчихъяа гээд байдаг. Энд тэнд бичсэн сэтгэгдэл уншиж байхад “Шүдний эмч нар илүү мөнгө авах гэлээ, авч хаяад л дараагийнх нь ургах юм чинь ямар ялгаа байна” гэсэн байх нь их байх юм. Харамсалтай. Үнэхээр л хүүхдүүдийнхээ шүдэнд анхаарал тавихыг хүсч байгаа бол манай эцэг эхчүүд ядаж л зөв угаалгаад сурчих хэрэгтэй байна. Ерөөсөө амны хөндийгөө эрүүл, зөв, сайхан байлгах нь шүдээ зөв угаахаас эхлэх юм шүү. Бид ажлын зав чөлөөгөөрөө сургууль, цэцэрлэгүүдээр явж үзлэг хийж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, тандалт судалгаа явуулдаг. Мөн эмнэлэг дээрээ урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байгаа. Энэ нь нэг талаасаа эмчийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ нөгөө талаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа хэлбэр. Ингэж явахад хүүхдүүд гэлтгүй томчууд ч шүдээ буруу угааж байна. Тэгэхээр цаашид зөвлөгөөг зөвхөн сургууль цэцэрлэгүүдэд биш байгууллагуудад албан ёсоор хийе гэсэн бодол байна. Хэрэв байгууллагууд энэ талаар манайд хүсэлт тавивал бид дуртайяа хамтран ажиллахад бэлэн.

Шүдээ хэрхэн угаахыг зөв гэх вэ? Бид өглөө оройдоо шүдний оо хэрэглэн тогтмол угаах ёстой л гэж ойлгодог.  

Ж.З:

-  Тийм ээ. Шүдээ угаагаадаг уу? гэхээр, тогтмол угаадаг л гэдэг. Гэтэл буруу угаагаад байна. Зөв угаах нь сойзоо сонгохоос эхэлнэ. Манайхан шүдэндээ тохироогүй том сойз хэрэглэх нь элбэг. Том сойз хэдий том талбайг хамрах ч нарийн хүрч угаах хэсгүүдэд хүрдэггүй. Тиймээс жижгэвтэр сойз сонгох хэрэгтэй. Мөн сойз дүүрэн оо түрхэж байгаад л, шууд угааж эхэлдэг. Энэ буруу. Шүдээ эхлээд усаар угаана. Учир нь хоол хүнсний үлдэгдлээс үүдэн шүдэнд өнгөрийг эхлээд арилгах хэрэгтэй. Өнгөр нь хөөсрөмтгий шинж чанартай учир шүлстэй холилдон, угаахад өөрөө шүдний оо шиг хөөсөрдөг. Шууд оо-оор угаахаар өнгөрийн хөөсрөлт оо-ныхтой нийлээд амаар дүүрэн хөөс болж, тэгээд шууд асгадаг. Тэгэхээр нөгөө оо-ноос авах ёстой фотор, кальциа ч бүрэн авч чадахгүй гэсэн үг. Тиймээс эхлээд усаар шүдээ сайн угаах хэрэгтэй. Ингэхэд өнгөр өөрөө хөөсрөөд ирнэ. Асгаад дахин дахин угаахад хөөсрөхөө больж, шүлс тунгалаг болно. Ингээд оо-гоо сойзныхоо 1/3-д маш жижиг тавьж шүдээ угаана. Дээд шүдээ дээрээс нь доош, доод шүдээ доороос нь дээш угааж, зажилах гадаргууг хөндлөн угааж өгнө. Ингэж угаасны дараа усаар зайлах мэдрэмж төрөхгүй. Учир нь өнгөрөө эхлээд цэвэрлэчихсэн болохоор тэр. Зүгээр шүлсээ хаяад болно. Ер нь оо-оор угаасныхаа дараа усаар зайлах маш буруу. Усаар зайлчихаар оо-ноос авах фтор, кальциа авч чадахгүй, шүдний эрдэсгүйжилт явагдаж, шүд цооролт үүсэхэд нөлөөлдөг. Сүүлийн үед 40-с дээш насныханд шүдний эмгэг элэгдэл гэдэг онош ихээр илэрч байна. Энэ нь буруу угааснаас бий болдог. Шүдээ хөндлөн угааснаар, буйл шүд хоёрын завсраар үрэгдэж, механик элэгдэл үүсдэг юм. Тиймээс шүдээ зөв угааж хэвших хэрэгтэй.  Ерөөсөө улс орон даяар шүдээ зөв угаахыг зуршил болгох хэрэгтэй байна.

Шүдний эмнэлэгүүдэд, ялангуяа хувийн шүдний эмнэлгүүдэд технологийн шинэ шийдлүүд хамгийн шуурхай нэвтэрч байна гэвэл нэг их хэлсдэхгүй болов уу. Танай эмнэлгийн хувьд энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-  Сүүлийн үеийн ямар арга технологи гарна, тэр бүхнийг манайх шуурхай авч хэрэгжүүлдэг. Хүмүүсээ ч байнга хөгжүүлж, сургалтанд хамруулж байгаа. Өөрсдөө сурахын зэрэгцээ мэргэжил нэгтнүүдээ ч хөгжих, суралцах боломжоор хангахад анхаарч өнгөрөгч дөрөвдүгээр сард Анагаахын шинжлэх ухааны Сургууль дээр Улаанбаатараас багш нар урьж, сургалт зохион байгуулсан. Нийслэлийн томоохон эмнэлгүүдэд хийж байгаа бүх төрлийн гажиг, согог засал, эмчилгээ үйлчилгээг Итали, Япон, Солонгос, Германы сүүлийн үеийн багаж, хэрэгсэл, технологиор хийж байна. Хүмүүс Улаанбаатарт эсвэл Солонгост эхлүүлсэн эмчилгээгээ манайхаар үргэлжүүлье гээд ирдэг. Харамсалтай нь ингэх боломжгүй. Учир нь тухайн эмчийн онош, тэр оношдоо тохируулан бэлдсэн эмчилгээний төлөвлөгөөг бид мэдэх, үргэлжлүүлэх боломжгүй. Тэнд хийж байгаа бүхнийг энд манайх хийж байгаа. Тиймээс анхнаасаа эмнэлгээ сонгохдоо сайн судлаарай гэж зөвлөх байна. Яг адилхан технологиор, яг адилхан тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр. Тэгэхдээ арай боломжийн хямд үнээр бид үйлчилж байгаа. Манайд Улаанбаатараас хүмүүс утсаар, онлайнаар их ханддаг. Тэгээд яг ирээд үзүүлэх болохоор Дарханых гэхээр больчихдог. Гэтэл Дарханыхан маань тэр бүр мэдэхгүй байна.

Хамгийн сүүлд нэвтрүүлээд байгаа технологи юу байгаа бол?

Ж.З:

Бид энэ долоо хоногоос зүүгүй тариаг хэрэглэж эхлэх гээд бэлтгэл ажлаа хангаад байна. Хүмүүс, ялангуяа эрчүүд маань зүүнээс их айдаг. Тэгвэл одоо энэ айдас байхгүй болох нь. Мөн манайх халдвар хамгааллын өндөр түвшинд ажиллахад, нэг удаагийн хэрэгслийг хэрэглэх нь хамгийн чухал гэж үздэг. Тиймээс ч үйлчилгээндээ тогтмол хэрэглэдэг.

Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэхийг хүсч байна?

Хүнд сайхан шүдтэй байх гурван удаагийн боломж бий. Эхээд таньд сүүн шүд заяадаг. Дараа нь ясан шүдийг бурхан өгдөг. Эцэст нь хэрэв бурханаас өгсөн шүдээ арчилж чадалгүй муутгасан бол эмч имплант болон бусад тохирох шүдийг таньд өгнө. Эрүүл шүдтэй байж, нүүр дүүрэн инээмсэглэх боломжийг өгч, мэргэжлийн өндөр түвшинд таньд үйлчлэхдээ бид бэлэн.

“Дархан Дентал Арт” эмнэлэг Консулын уулзварын дэргэдэх есөн давхар байрны нэгдүгээр давхарт, “Зочил” паб-ын хажууд байрлаж байна.

Харилцах утас: 94707020   99150885   99028308

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.