Ажил хойш тавьдаг 8 шалтгаан+ Хэрхэн засах вэ?

: 87 өдрийн өмнө

Та заримдаа ямар нэгэн ажлын цагийг нь тулгаж, бөөгнүүлж, маргааш гэж хойшлуулдаг уу? Хийх шаардлагатай ч гэсэн яагаад ч юм хийх хүсэлгүй халгадаг үе байдаг уу? Тийм бол дэлхийн олон хүнд тохиолддог асуудал танд тулгарчээ. Азаар үүнийг засах боломжтой төдийгүй хэрхэн хойшлуулж байгаа хэлбэрээс шалтгаалан засах бүрэн боломжтой ажээ. Ажил хойш тавих муу зуршил нь хүн бүр харилцан адилгүй шалтгаанаас бий болдог. Тиймээс энэхүү муу зуршлын шалтгаан болон засах аргуудыг та бүхэнд хүргэж байна.

1. Төгс хийх гэсэн хүсэл

Шинж тэмдэг: Та өөрт авсан ажлаа маш сайн бүр гайхалтай хийхийг хүсдэг. Ямар ч алдаа мадаггүй бүтээлч, бусдаас илүү байгаасай гэж хүсдэг. Гэвч тэрхүү төсөөлөлдөө хүрч чадахгүй урам хугарах тохиолдол их. Төгс байлгахыг хичээх нь өөрөө анхны алхам хийхийг хязгаарладаг.

 “Бета хувилбар” арга

Энэ аргыг Google болон бусад олон технологийн компаниуд баримталдаг. Эхлээд санаагаа боловсруулаад үүнийгээ бета хувилбар хэмээн нэрлэнэ. Түүнийгээ хүмүүсээр хэрэглүүлж туршаад улам сайжруулдаг. Жишээ авч төсөөлөхөд  машин зохион бүтээхэд одоогийнх шиг ухаалаг шийдэл, дизайнтай бүтээгдээгүй. Гэхдээ л тухайн үедээ хамгийн сайн шийдлээр гарсан. Үүний дараа бага багаар улам хөгжиж одоогийн хөгжилд хүрсэн. Яг үүн шиг та шууд сайн үр дүн гаргана гэж хүлээх хэрэггүй. Шууд л эхэл. Харин эхний байдлаар гаргасан хувилбараа бусдаас сэтгэгдэл авч улам сайжруулах боломжтой. Үүний давуу тал нь алдаагаа хурдан хугацаанд олж залруулж цаг хожих боломжтой. 

2. Алдаа гаргахаас айх

Шинж тэмдэг: “Ингээд хийчихвэл буруудах юм болов уу” гэж өөрийгөө хязгаарладаг. Өөртөө итгээгүйгээс өөр хэн нэгнээс асуух, хойшлуулах зэргээр цаг алддаг.

Үүний шалтгаан нь өөртөө тухайн ажлыг маш чухал гэсэн сүржин ойлголт өгдөг. Заримдаа жижиг зүйлийг ч томруулах тусгаж авах нь үүний шалтгаан болдог.

Хариу авах арга хэмжээ:

Үнэндээ үүний арга хэмжээ бол алдаа гаргах. Алдаа гаргах нь заримдаа юу ч хийхгүй байхаас илүү дээр байдаг. Тиймээс алдааг сөрөг утгаар нь биш сургамж, туршлага гэсэн эерэг утгаар нь өөртөө суулгаарай. Мэдээж алдах нь хэн бүхэнд тааламжгүй санагддаг. Гэхдээ та ажлаа эхлэхдээ л алдахад бэлэн сэтгэл зүйгээр эхэлвэл та яаж ч алдсан сэтгэлээр унахгүй харин ч алдаагаа засаж улам сайжруулах боломжтой.

3. Ямар нэг “гайхалтай” цаг дээр тохируулах

Шинж тэмдэг: Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн шинэ долоо хоног, шинэ сар, уламжлалт өдрүүдээр гэж хойшлуулдаг. Жишээ нь яг нэг дэх өдрөөс, яг 1 сарын нэгнээс, яг маргаашнаас гэх мэтээр хойшлуулдаг. Харамсалтай нь энэ өдрүүд болсон ч дахиад л нэг өдөр гаргаж ирээд хойшлуулж дөнгөдөг.

Шалтгаан: Хүний бие мах бодь өөрт тухтай тааламжтай орчинд байхыг эрмэлздэг. Ийм учраас шинэ зүйл сурах, өөрийгөө дайчлах гэх зэрэгт тааламжгүй ханддаг. Энэ бол шантрал, хойшлуулалтын гол шалтгаан.

Хариу авах арга хэмжээ:

5 секундийн дүрэм

Таны бодолд орж ирсэн хойшлуулах шалтгааны өөдөөс тэмцэх арга юм. Хэрэв танд хойшлуулах сэдэл орж ирмэгц дотроо 5 тоолоод шууд эхэл. Энэ бол та өөрийгөө ялан дийлж байгаа хэрэг юм. Жишээ нь та өдөр бүр гадаад үг цээжлэх зорилго тавьсан гэж бодъё. Гэвч нэг өдөр эхлэхэд танд ямар нэгэн хойшлуулах шалтаг, сэдэл орж ирмэгц ердөө дотроо тав тоолоод цээжлэх үгсээ жагсаан бичээрэй. Энэ бол та өөрийнхөө төлөө өөртөөгөө тэмцэж буй хэрэг юм.

4. “Өө амархан…”

Шинж тэмдэг: Энэ үед хүмүүс хийхэд амархан гэж бодон хойш тавьдаг. Гэвч цаг нь тулсныг мэдээд тийм ч сайн гүйцэтгэл гаргаж чаддаггүй.

Хариу авах арга хэмжээ: 

To do list-ийг бүтээлчээр ашиглаж сурах.

Та цагийн менежмент тааруу байгаагаас ийм нөхцөл үүсчээ. Тиймээс өөрт тохирсон хийх ажлын төлөвлөгөөг гаргаж сураарай.

5. Урам зориггүй байх

Хийх шаардлагатай ч хүсэл төрөхгүй байх.  Жишээ нь хийх ёстой бие даалтууд байвч хийх хүсэл сонирхол төрөөгүйгээс хойш тавьдаг. Энэ бол хамгийн төвөгтэй тохиолдол. Үнэхээр хийх хүсэл төрөхгүй бол хэчнээн хүчлэвч үр дүн муу гардаг. Гэхдээ үүнийг засах арга бий..

Хариу авах арга хэмжээ: 

Төсөөллийн арга + “Би” цаг

Төсөөллийн арга нь тухайн хийх ажлын ард амжилттай гарлаа гэж төсөөлөх. Энэ нь үр дүнгүй мэт сонсогдох байх. Гэхдээ хамгийн шалгарсан арга юм шүү. Энэхүү аргыг марафонд гүйж буй тамирчид түлхүү ашигладаг. Мэдээж маш удаан гүйхэд хүний бие туйлдаж бууж өгөх хүсэл дээд цэгтээ оргилдог. Энэ үед гүйж байгаа тамирчин өөрийгөө барианд орж байгаагаар, хэчнээн сайхан мэдрэмжүүд авч байгаа талаар төсөөлөн боддог байна.

Та тухайн ажлаа өөртөө хамгийн гоёоор төсөөлөл өгч чадвал таны далд ухамсарт үүнийг хийх хүсэл төрдөг. Гол нь маш тодорхой төсөөлөх хэрэгтэй. Өөртөө таалагдахаар, маш тодорхой байх нь чухал. Тухайн үед өөрийн өмссөн байх хувцсаа, ямар үг хэлэхээ, ямар үйлдэл гаргахаа хүртэл төсөөлөн бодоорой.  Хамгийн гол нь хэт хүчлэлгүй өөртөө багахан цаг өгч хэн нэгний шахалтаар биш өөрийн хүсэл зоригоор хийгээрэй.

6. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байх

Энэ тохиолдолд хийхийг хүссэн ч хэрхэн яаж эхлэхээ мэдэдгүй. Нэг эхэлчихвэл  болох ч юм шиг. Гэхдээ нэг болж өгөхгүй.

Хариу авах арга хэмжээ:

Бүлэглэх арга

Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа нь тухайн ажил тодорхойгүй, эмх цэгцгүй байгааг илтгэж байна. Тиймээс таны хамгийн түрүүнд хийх ажил бол эмх цэгцэнд оруулах. Энэ үед ялгаатай шинж тэмдгээр нь ангилж бүлэглэвэл хялбар болдог. Жишээ нь цаг хугацааны хувьд, чухал болон чухал бишээр, чадах болон бусдаас тусламж авахаар гэх мэтчилэн ангилаад үүний дараа нэг нэгээр хийж эхэлвэл илүү бүтээмжтэй байдаг байна.

7. Яах бол гэсэн айдас/санаа зоволт

Шинж тэмдэг: Шийдвэр гаргаад хийх эхлэх гэтэл олон зүйлсэд санаа зовох.

Хариу авах арга хэмжээ:

Өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.

  • Би яг юунаас айгаад/санаа зовоод байгаа вэ?
  • Яг яагаад айгаад/ санаа зовоод байгаа вэ?
  • Хэрвээ зүгээр л тоохгүй үлдээвэл ямар вэ?
  • Би үүнийг хэрхэн шийдэж болох вэ?

Эдгээр асуултад хариулт өгснөөр асуудлаа үндэслэлтэй тодорхойлж илүү зөв шийдэл гаргаж болно.

8. Маш их хийх ажил байгаа үед

Маш их хийх ажилтай үед хүнд түүнээсээ халгаах тохиолдол байдаг. Та юу хийх ёстойгоо мэдэж байгаа. Гэхдээ хэт их ажилтай учраас түүнээсээ халгадаг.

Хариу авах арга хэмжээ: 

Дөрвөн цагийн дүрэм

Та өөр юунд ч сатааралгүй зөвхөн нэг цагийг л бүрэн зарцуулаарай. Олон алдартнууд энэ аргыг хэрэглэдэг. Өдөрт ердөө 2 – 4 цаг өөр юунд ч сатааралгүй зөвхөн ажилдаа зарцуулдаг. Өөрийн сатаардаг зүйлсээ хол байлгаж 100% төвлөрөхийг хичээдэг. Энэ үед утас, бусад илүү зүйлсийг өөрөөсөө холдуулна. Оронд нь уух ус, өөрт шаардлагатай зүйлсээ ойр байлгаж бэлддэг. Ингэснээр ийш тийш сатааралгүй хийснээр

Харин бусад цагт өөрийн дуртай зүйлээ хийж өөрийгөө шагнаарай. Энэ мэтчилэн өдөр бүр зуршил болгосноор таны ажил ахин овоорохгүй. Харин ч танд өөртөө болон хайртай хүмүүстэй зарцуулах цаг зав илүү их гарах болно.

“Work smart. Not hard!”

Цацрал

 
 
Эх сурвалж: oneminute.mn
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.