О.Билгүүн: Гадаад хэл сурахын тулд тууштай байх хэрэгтэй

: 86 өдрийн өмнө

Английн “The university of Birmingham” сургуулийг уран зохиол судлаач, хэл шинжээчээр төгссөн, үеийнхнээ бүтээлч сэтгэлгээ, гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлд хөтөлдөг О.БИЛГҮҮНТЭЙ ярилцлаа. Түүний таван хэл сурсан тухай бичлэг олон нийтээс эерэг үнэлгээ авсан юм.

-Таны гадаад хэл хэрхэн сурсан тухай бичлэг олон хүнд хүрсэн. Хэл сурахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Би орос дунд сургууль төгссөн юм. Тухайн үед манай сургуульд хятад хэл зааж байсан ч энэ хэл ийг яагаад ч юм сураагүй. Харин АНУ-ын “Уолт  Дисней”-н  дуучид, К-Рор урлагт татагдаж, тэдний тухай нэвтрүүлэг, дууны утгыг ойлгохын тулд англи, солонгос хэлийг тууштай судалсан. Япон хэлийг аниме үзэх болсноор сурч байлаа. Харин франц хэлийг бага зэрэг судалсан. “Youtube” хуудаст бичлэгээ байршуулснаас хойш олон хүн “Хэл ийг яаж сонирхолтой сурах”, “Хэрхэн хурдан сурах” вэ гэж асуух болсон. Хүмүүс тууштай биш мөртлөө хэл хурдан сурахыг хүсдэг нь их сонин. Гол нь тууштай байх шүү дээ. Хурдан сурна гэхээсээ илүү үр дүнтэй сурах нь зүйтэй.

Дуртай, сонирхолтой зүйлдээ тулгуурлаж, тууштай судалбал гадаад хэл сурахад дөхөм болно. Тухайн хэлийг өдөр тутамдаа хэрэглэж  чихээрээ сонсох нь чухал. Аливаа зүйлийг өдөр бүр давтвал зуршил болдог учраас гадаад хэл сурах хүсэлтэй хүн маргааш гэж хойшлуулалгүй өнөөдөр эхлэх хэрэгтэй. Хүн зорилгоо болгож хөдөлмөрлөвөл гадаад хэл сурах хэцүү биш.

-Та гадаад хэлийг сайн сурахын тулд хэдий хугацаа зарцуулдаг вэ?

-Аливаа хэлийг оргилд нь хүртэл сурна гэж байхгүй. Бид монгол хэлээ ч төгс сайн мэдэхгүй шүү дээ. Тиймээс үргэлжлүүлэн суралцсаар байна. Ерөнхийдөө хэлийг сайн сурахын тулд хоёр жил орчмын хугацаа шаардлагатай. Ингэхдээ өдөр бүр давтах ёстой. Гадаад үгийг цээжилсэн даруйд бус хэсэг хугацааны дараа хүний тархины санах ойд  хадгалагддаг. Би бусдад мэдлэгээсээ хуваалцах дуртай учраас Англид суралцаж байхдаа багшлах заах арга зүйн сургалтад хамрагдсан. Багшлахад ур чадвар шаарддаг.

-Аливаа нэг хэлийг сайн сурсан залуус сургалтын төв нээж, арга барилаараа хичээл заах болсон. Танд тийм төлөвлөгөө бий юү?

-Xүүхдэд зориулсан сонирхолтой төв нээхсэн гэж мөрөөддөг. Би үетэнгийнхэнтэйгээ бус хүүхэд багачуудтай ажиллах сонирхолтой. Шинэ санаа, төлөвлөгөө боловсруулсан ч “Бяцхан охид хэрхэн хүлээж авах бол” гэж боддог. Хүүхдүүд сонирхолтой, хөгжилтэй аргаар сурах дуртай. Японд хүүхдэд зориулсан гадаад хэл сургалтын төв олон байдаг. Би тэнд англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан. Ер нь Японы Засгийн газраас иргэдийнхээ хэлний боловсролд гойд анхаардаг юм билээ. Дунд сургуулийн сурагчдад зориулж англи хэлний сургалтын хотхон байгуулсан байдаг. “Найрамдал” зуслан шиг том тэр хотхонд эмнэлэг, зочид буудал, нисэх буудал, телевизийн студи, дэлгүүр, номын сан бий. Студийн техник хэрэгсэл нь “Блүмберг” брэндийнх гэхээр тус улсын Засгийн газар их хэмжээний хөрөнгөөр энэ хотхоныг байгуулсан нь тодорхой. Тэр ч байтугай Японы агаарын компаниас нисэх онгоц бэлэглэсэн байдаг. Тэнд очсон сурагчид зөвхөн англиар ярина. Миний үүрэг тэднийг англиар яриулах. Япон хүүхдүүд ичимхий, бүрэг ч эх оронч сэтгэлтэй. Тэднээс “Том болоод хаана амьдрах вэ” гэж асуухад бүгд “Японд” гэдэг. Япончууд гадаадад амьдрахыг хүсдэггүй ард түмэн. Тэнд хэсэгхэн хугацаанд амьдрахдаа хувь хүний хувьд нэг шат ахиж маш олон зүйлийг сурсан. Япончууд хөдөлмөрч, дэг журмыг их баримталдаг. Гэхдээ амьдралын хэв маяг, газар нутаг нь давчуу. Би Орос, Англи, Өмнөд Солонгост амьдарч байсан ч Японд байхдаа эх орноо илүү их санасан.

Орчин үеийн залуус мэдлэг, туршлагаа бусадтай чөлөөтэй хуваалцдаг болсон. Ялангуяа сошиал сүлжээнд бичлэгээ байршуулж байна. Та “Youtube” хуудастаа чамгүй олон дагагчтай. Бичлэг оруулахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Гадаадын алдартай блогчдын бичлэгийг үзээд мэддэг, чаддаг зүйлүүдээ хүмүүстэй хуваалцах юмсан гэж бодох болсон.

Анх бичлэг хийхдээ өдөр тутамдаа хийдэг ажлаа тайлагнах биш бусдад хэрэгтэй мэдээлэл, зөвөлгөө, эерэг сэтгэлгээ түгээхийг хичээдэг. Ингээд юу хийвэл хүмүүст хэрэгтэй байх вэ, юу хийвэл хүмүүст сонирхолтой байх вэ гэдгийг маш сайн төлөвлөж байж бичлэгээ эхлүүлсэн. “Гадаад хэл хэрхэн суралцах вэ” гэсэн видеогоо тавьснаас хойш дагагчдын тоо их хурдан өссөн.

Амьдралаа харуулдаг бичлэг биш бүтээлч, мэдээлэл бүхий бичлэг гаргахыг хүсдэг учраас хугацаа, хөдөлмөр шаарддаг.

-Хэдийгээр технологи хөгжиж байгаа ч бүтээлч хүмүүс ажлын жагсаалт, өдөрт хийх зүйлээ ухаалаг төхөөрөмж бус тэмдэглэлийн дэвтэрт хөтөлж байна. Та тэмдэглэлийн дэвтэртээ өнгийн харандаагаар зурж, бүтээлчээр хөтөлдөг. Залуучууд тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийн давуу тал нь юу вэ?

-Би залхууралтайгаа тэмцэх гэж өдрийн тэмдэглэл хөтөлж, ажил, хичээлийн хуваариа гараараа бичиж тэмдэтэдэг болсон. Ухаалаг утас, таблетад сануулсан ч амархан мартдаг сул талтай. Хийх зүйлийнхээ төлөвлөгөөг бичих арга барилдаа багахан өөрчлөлт оруулахад их ажил амжуулж, бүтээлч чанараа нэмдэг. Ер нь хичээл хийж, ном уншиж байхдаа тэмдэглэлээ цэвэрхэн, нямбай хөтөлбөл урамтай, дараа нь уншихад дурсамжтай. Хүн бүр тэмдэглэл хөтөлдөг арга барилтай. Би А4 хэмжээтэй дөрвөлжин шугамтай дэвтэр дээр тэмдэглэлээ хөтөлдөг. Дэвтэр дууссаны дараа хавтсанд хийж хадгалахад амар байдаг.

-Хувь хүний хөгжлийг чухалчилдаг нийгэм иржээ. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд өдөр тутамд юу хийдэг вэ?

-Чөлөөт цагаараа шинэ зүйл туршиж, өөрийгөө дахин нээхийг хүсдэг. Янз бүрийн дамжаанд явж, оёдол эсгүүр, гар урлал сурч өөрийгөө хөгжүүлэхийг хичээж байна. Эх хэлээ сайн сураагүй байж олон гадаад хэл сурах нь утгагүй. Гадаадын алдартнуудын ярилцлага, нэвтрүүлгийг үзэхэд төрөлх хэлээрээ буруу зөрүүгүй, ямар ч сул үггүй ярьдаг. Энэ бол соёл. Би орос дунд сургууль, Англид дээд сургууль төгссөн учраас монгол хэлний мэдлэгээ чамладаг байсан. Тиймээс монгол хэлээрээ алдаагүй, сул үггүй ярихыг хичээж, уран зохиолын ном уншиж үгийн баялгаа нэмж байгаа. Сул үг хэрэглэхгүй гэж хичээвэл “аймаар”, “аягүй” зэрэг үгийг ашиглахаа больдог юм билээ. Мөн фэйсбүүк, инстаграммд, цаг бага зарцуулахыг чухалчилж байна. Би аялах дуртай. Хайрцаглагдсан амьдралаас зайлсхийж өөрийн бөмбөлгөөсөө гарч, шинэ хүмүүстэй учирч, бусдын санал бодлыг сонсч амьдралыг өөр өнцгөөс харахыг хичээдэг.

Шинэ орчинд багахан ч гэсэн хугацаанд биеэ дааж амьдарснаар янз янзын үзэл бодолтой хүнтэй таарч тэдэнтэй харьцсанаар өөрийгөө илүү таньж, ямар хүн болохоо мэддэг.

Лондонд сурч байхдаа гадаад, тэр дундаа орос оюутнуудтай нөхөрлөдөг байсан. 

-Нэг цагийн дотор 100 үг цээжилсэн туршлагаасаа хуваалцана уу?

-Хэл сайн сурахын үндэс нь үг цээжлэх. Дүрэм сайн мэддэг ч үг мэдэхгүй бол хүн харилцаж чадахгүй. Үг цээжлэх сонгодог арга бол давтах. Бичих, сонсох зэргээр үг цээжлэх аргаа олох л хамгийн чухал. Би шинэ үгээ өгүүлбэрт оруулж цээжилдэг. Ингэснээр дүрэм, өгүүлбэрийн бүтцээ давхар тогтоох боломжтой. Мөн төсөөллийн аргаар үг цээжлэх дуртай. Төсөөллийн арга нь хүний тархины хоёр онцлог шинжийг хослуулдгаараа үр дүнтэй байдаг. Хүн тавхан минутын өмнөх үйл явдлаа мартдаг атлаа, таван настайгийнхаа хөгжилтэй дурсамжийг санаж байдаг шүү дээ. Үүнтэй адил үгийг хөгжилтэй, хошин маягаар төсөөлбөл мартагддаггүй.

-Та аялах дуртай бололтой. Хэдэн орноор аялсан бэ?

-Лондонд таван жил суралцахдаа Европын арав гаруй орноор аялсан. Харин Орос, Англи, Япон, Өмнөд Солонгост багагүй хугацаанд амьдарсан. Англи бол надад ихийг ухааруулж заасан орон. Европын баялаг түүх, өв соёл, уран зохиолтой танилцсанаар миний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн. Сургуулиа төгсчихөөд би Лондон хотод хэдэн сар амьдрахад өдөр бүр л тэр хотын сайхныг гайхан биширдэг байлаа. Мөн Орос улс надад нэг л дотно мэдрэмж төрүүлдэг.

Өмнө нь гадагшаа ганцаараа явж, бие дааж амьдрахыг тэмүүлдэг байсан бол одоо Монголдоо ажиллаж амьдрахыг хүсч байна. Гаднын соёлоос сурснаа эх орондоо хэрэгжүүлж, иргэнийхээ үүргийг биелүүлнэ.

-“Youtube” хуудаст бичлэг оруулах болсноор таны амьдралд хэр өөрчлөлт гарч байна вэ?

-Айхтар өөрчлөлт гараагүй ч хүмүүсээс урмын үг сонсоод баяртай байгаа. Миний зөвлөгөө хүмүүст хүрсэн бол зорилго биелэх нь тэр. Би тогтмол ажилтай болохоор өдөр бүр бичлэг оруулж амждаггүй. Залуу охид миний бичлэгийг үзээд зөвлөгөө авахыгхүсдэг. Би айхтар туршлагатай биш ч тэдэнд чадах чинээгээрээ зөвлөгөө өгдөг.

-Залуу хүн учраас зорилгоосоо төөрч, будилах үе тохиолдож байв уу?

-Англид сурч байхдаа шантарч нутаг буцмаар санагдах үе олон тохиолдсон. Ер нь өсвөр насны хүүхдүүд харь оронд очихоороо гэрээ санадаг шүү дээ. Би тэр үед “Аав, ээж минь миний төлөө амьдарч байгаа. Намайг сайн боловсролтой болгох гэж хөдөлмөрлөж, амралтгүй ажиллаж байхад би хичээх ёстой” гэж өөртөө хэлдэг байсан. “Амьдрал чамд нимбэг өгвөл чи түүгээр нимбэгийн шүүс хий” гэсэн хэлц үг Англид бий. Би энэ үгийг хэлэх дуртай. Энэ бол бэрхшээлийг даван туулах гарц үргэлж байдгийг илэрхийлж, урам хайрласан үг.

-Яагаад утга зохиолын мэргэжил сонгосон юм бэ? 

-Би Английн утга зохиол судлаач, зохиолч-мэргэжилтэй. Уран зохиол бол мэдлэгийн суурь болсон ухаан. Утга зохиолд дуртай болсон минь орос сургууль  төгссөнтэй холбоотой байх. Утга зохиол судлаач гэхээр зөвхөн уран зохиолын ном уншдаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Би энэ мэргэжлийг эзэмшсэнээр аливаа зүйлийн учир шалтгааныг ойлгож, харьцуулах дуртай болсон. Боловсролтой хүний хамгийн гол чадвар бол бичгийн соёл. Том хэмжээний зохиол бичихгүй ч нийтлэл, эссэ бичих чадвартай байх хэрэгтэй.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.