Монгол туургатны морьтны өв соёлын наадам болно

: 82 өдрийн өмнө

Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан долдугаар сарын 20, 21-нд “Хүйн долоон худагт” болно.

Өмнөх уралдаануудыг нэг өдөрт багтаан хийдэг байсан бол энэ удаа шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны өв соёлын наадам гэсэн өргөн хүрээнд хоёр өдөр зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ морьтны соёлын наадмыг сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулна.

Ирэх сарын 15-17-ны өдөр аймгуудын төвд Монгол туургатны морьтны соёлын наадмаа хийж, аймгаас шалгарсан нэг адуучин “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадмын шигшээ тэмцээнд оролцох юм. Ингэснээр зуны дэлгэр цагт аялж яваа гадаад, дотоодын жуулчид аль ч сум аймагт очиход монголчуудын мянга мянган жилийн түүхтэй морьтны соёлыг үзэж баясах таатай боломж бүрдсэнээрээ үндэсний хэмжээний аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно гэж ММСУХ үзэж байна. Энэ удаагийн Их хурд уралдаанаар зөвхөн газар газрын хурдан хүлгийн шандас хурдыг хараад зогсохгүй адуучин залуусын ид хав, айрагны чимчигнэсэн амт, сайхан морьтой хос, морины эдлэл хэрэглэлийн ур хийц, чанар чансааг шагшин бахадсан Морьтны соёлын наадмаар сэтгэл оюунаа мялаах боломжтой болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.