Д.Үүрийнтуяа: 4,000 хүнийг англи хэлний сургалтад үнэ төлбөргүй хамруулна

: 64 өдрийн өмнө

Тус хөтөлбөрийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.

- “Англи хэлтэй залуус” хөтөлбөр хэрхэн хэрэгжихээр болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Монголын ирээдүй” хэмээх оюутан залууст зориулсан үндэсний хөтөлбөрийг бид хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Үүний дагуу “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийг наймдугаар сарын 1-нээс эхлэн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.

Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын 21 аймаг, есөн дүүргийн 10-12 дугаар ангийн 16,000 сурагч, 16,000 оюутантай биечлэн уулзсан. Тус уулзалтын үеэр англи хэл болон ажилтай оюутан хөтөлбөрийг дэмжиж өгөх санал хүсэлт олноор гарсан тул энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хүрээнд улсын болон хувийн их, дээд сургуулиудтай хамтран 4,000 хүнийг үнэ төлбөргүйгээр англи хэлний сургалтад хамруулна.

- Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлж, сургалтад хамрагдах боломжтой вэ?

- Долоодугаар сарын 20-30-нд цахим хуудсаар болон Төрийн ордны зүүн талд байрлах Эрдмийн их сургуулийн хоёрдугаар давхарт бүртгэнэ. Бүртгэл дууссаны дараа бүх хүний түвшинг тогтоож, ангид нь хуваарилна.

Үүний дараа зургаан томоохон сургуульд хуваарилах тул өөрийн бүртгэгдсэн ID хаягаар тухайн сургууль дээрээ очиж сургалтандаа суух боломжтой.  

- Насны хязгаар бий юү?

- Хөтөлбөрт 16-30 насныхан хамрагдах боломжтой.

- Хичээллэх цагийн хуваарийн тухайд ямар байх вэ?

Сургалтын төвийн системийн дагуу долоо хоногт гурван өдөр хичээллэнэ. Өдөрт 09:00-18:00 цагийн хооронд гурван анги хичээллэх юм. Цагийн хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сургалт эхлэх үеэр илүү тодорхой мэдээлнэ.

 
 
Эх сурвалж: ikon.mn
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.