Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болно

: 61 өдрийн өмнө

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд 10.00 цагаас эхэлнэ. 

Тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр буруутган шүүхээр болоод байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, хохирогчоор Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцох юм. 

Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Тус зүйл ангид, 

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.