Оросууд Леонардо ДиКаприогоос Байгаль нуурыг аврахыг хүсчээ

: 27 өдрийн өмнө

Байгаль дэлхий, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприогийн инстаграм хуудас сүүлийн үед Байгаль нуурыг аврахыг хүссэн оросуудын хүсэлтээр дүүрээд байна. 

Анх Улаан-Үд хотын тухай мэдээлэл хүргэдэг ves_ulan_ude_ нэртэй инстаграм хаяг санаачилга гаргаж, ДиКаприогоос тусламж хүсэхийг уриалжээ. Уг постод "Бүгдээрээ Байгал нуурт тулгарч буй асуудлын талаар ДиКаприод бичье... Эх орончдоо энэ хөдөлгөөнийг дэмжээрэй. Байгал нуур бол бидэнд байгаа бүх зүйл" гэжээ. Удалгүй тус хөдөлгөөнийг дэмжсэн мянга мянган хүн ДиКаприогийн инстаграм постуудын дор "Байгаль нуурыг авраач" (#спастибайкал) гэсэн сэтгэгдлийг олноороо бичиж эхэлсэн байна. 

Леонардо ДиКаприо 1998 онд Leonardo DiCaprio Foundation санг үүсгэн байгуулсан бөгөөд уг сангаар дамжуулан байгаль орчныг хамгаалах үйлсэд олон сая долларын хөрөнгө зардаг нэгэн билээ. Тэрбээр цаг уурын өөрчлөлт бол өнөө үед залуучуудын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал гэж 2016 онд BBC-д өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. 

Мөн ДиКаприо 2012 онд өгсөн ярилцлагадаа эмээ нь орос цустай хүн байсан хэмээн дурдаж байсан бөгөөд зарим хүн "эмээгээ бодож" Байгал нуурыг хамгаалахад анхаарал хандуулаач хэмээн сэтгэгдэл бичжээ. 

Дашрамд дурдахад, Байгал нуур нь манай гарагийн хамгийн гүн, цэнгэг уст нуур бөгөөд дэлхийн гадаргын цэвэр усны 20 хувийг дангаараа бүрдүүлдэг билээ. Харин сүүлийн жилүүдэд бохирдол, хулгайн ангаас үүдэн онгон дагшин байдлаа алдаж байгаа нь оросуудын санааг ихээхэн чилээж байгаа аж. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.