Ахмад хилчдийн амийг Дорноговийн залуус аварчээ

: 26 өдрийн өмнө

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд болсон үерт өртөн урсаж явсан ахмад хилчдийн амийг  Дорноговь аймгийн залуус аварчээ.

Буянт үйлсийн эзэд болсон Г.Өгөөмөрбаян, Г.Ганзориг, Ё.Баярсайхан, Т.Эрхэм-Оргил нарт Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны тэргүүн Р.Ганхуяг чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.  

Дорноговийн залуус энэ сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ой болон ОХУ-ын Буриад улс, Сэлэнгэ аймгийн хилийн сумууд хамтран тэмдэглэдэг “Эв модны” наадам үзэн амарч явжээ.

Тухайн үед сумын 290 жил, “Эв модны наадам”-ын бөхийн барилдаан сумын төвөөс холгүйхэн орших наадмын талбайд болж, наадамчид олноор цугларсан байж. Эл баярын үеэр Алтанбулаг суманд дуу цахилгаантай аадар бороо орж, үер буусан.

Үерийн улмаас дөрвөн зорчигчтой автомашин усанд урсан, хүний амь нас эрсдэх байдал тулгарчээ. Хүчтэй үерийн урсгалд урсан явсан машиныг ДГА 63-99 дугаартай Ланд Круйзер маркийн машинтай залуус даган, явган хүний гүүрэнд тээглэн түр зогсох үед урсаж явсан машин дотор байсан дөрвөн иргэний амь насыг аварсан аж.

Эдгээр залуус Дорноговь аймагт ачаа тээврийн ажил эрхэлдэг хүмүүс гэнэ. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд найз Т.Эрхэм-Оргилындоо зочлон амарч, наадмын талбай орж бөх үзэх гэж явсан байна. Гэтэл гэнэт хүчтэй аадар бороо орж үер буужээ.

Тухайн үед тэдний урд явж байсан 91-06 СЭҮ дугаартай улаан машин урссан байна. Залуус араас нь гарах гэтэл түргэн хугацаанд үерийн түвшин нэмэгдэж, улаан машин тэр чигтээ урссан аж. Залуус араас нь шууд дагаж гүүрэнд  тээглэхэд нь цонхоор нь хүмүүсийг гаргаж авчээ.

Тухайн машинд Сэлэнгэ аймгийн өндөр настнууд буюу Хилийн цэргээс тэтгэвэртээ гарсан ахмад хилчид явж байсан аж. 

Эх сурвалж: монцамэ.мн
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.