Сонирхолтой судалгаа:Америк хүүхдүүд YouTube-ийн од, хятад хүүхдүүд сансрын нисэгч болохыг хүсдэг

: 26 өдрийн өмнө

Америкийн “Apollo 11” сансрын хөлөг сар руу хөөрсний 50 жилийн ойг тохиолдуулан Lego групп, Harris Poll судалгааны байгууллагатай хамтран 8-12 насны хүүхдүүдийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. 

Тэд судалгаандаа АНУ, Их Британи, Хятадад амьдардаг 3000 орчим хүүхдийг хамруулсан байна. Ингээд хүүхдүүдэд сансрын нисэгч, хөгжимчин, тамирчин, багш, влоггер (YouTuber) гэсэн таван мэргэжлийн сонголт өгч, том болоод аль мэргэжлийг нь сонгох вэ гэсэн асуулга явуулсан аж. 

АНУ болон Их Британид амьдардаг хүүхдүүдийн дийлэнх нь буюу 30 орчим хувь нь (тус бүр) YouTube-ийн од, влоггер болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол хятад хүүхдүүдийн 56 хувь нь сансрын нисэгч болохыг хүсдэг гэж хариулжээ. 

Мэдээж уг санал асуулгын үр дүн бүх хүүхдүүдийн сонирхлыг төлөөлж чадахгүй боловч Z үеийнхэн юуг эрэлхийлж, юунд сонирхолтой байгааг тодорхой хэмжээгээр илэрхийлж байна гэж судалгааг хийсэн мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил онлайн орчинд видео контент хийдэг 75 мянга орчим өсвөр насны хүүхдүүдийг хамруулсан VidCon нэртэй гурван өдрийн чуулга уулзалт болж байсан билээ. Уг чуулгад YouTube, TikTok зэрэг платформд алдаршсан өсвөр насны хүүхдүүдийн төлөөлөл оролцож байсан юм. 

Эх сурвалж: Business Insider

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.