Удирдлагын Академийн “Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт”-д хамрагдсан төрийн албан хаагчид Сертификатаа гардаж авлаа

19 өдөр, 10 цаг өмнө

Баянгол дүүрэг 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарласан бөгөөд дүүргийн ЗДТГ-аас 150 албан хаагчийг Удирдлагын Академитай хамтран Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалт, Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт, Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус сургахаар төлөвлөсөн. Тэгвэл “Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт”-д эхний ээлжинд хамргдан суралцсан харьяа хэлтэс, алба, 34 хорооны нийт 35 төрийн албан хаагч өнөөдөр Сертификатаа гардаж авлаа.   
Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал доктор, профессор Д.Байгал, Төрийн албаны сургуулийн сургалтын менежер доктор, дэд профессор У.Батцэрэн, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэн Сертификатыг нь гардуулж өглөө. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Удирдлагын Академи бол Монголын төрийн олон мянган албан хаагчийг үеийн үед бэлдэж, сургаж ирсэн 100 жилийн түүхтэй ууган сургууль бөгөөд энэ нэр хүндтэй сургуульд манай дүүргийн төрийн албан хаагчид суралцаж, төгсөж байгаад баяртай байна. Мөн дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллаж, төрийн албан хаагчдыг төрийн албанд ажиллахад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар, арга барилыг эзэмшүүлэхэд хамтран ажиллаж, биднийг дэмжиж буй  Удирдлагын Академийн захирлууд болон доктор, профессор, эрдэмтэн багш нартаа баярлалаа” гэсэн юм.  
 
Дүүргийн төрийн алба хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар төрийн албанд ажиллахад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар, арга барил, эрхэлж байгаа албан тушаалын онцлог, гүйцэтгэж байгаа чиг үүрэг, хариуцсан ажлын шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмшин төгсөж багаа юм.