1 сар, 1 өдөр өмнө
Баянгол дүүрэг ХБНГУ-ын Шонефелд (Schönefeld) дүүрэгтэй 1998 оноос харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2001 оны есдүгээр сард хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулсан. Улмаар хоёр дүүргийн төлөөлөгчид дээрх түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор хэд хэдэн удаа харилцан айлчлал зохион байгуулж туршлага солилцсон.
Түншлэлийн хүрээнд өнөөдөр ХБНГУ-ын Шонефелд дүүргийн Эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт болон санхүүжилт хариуцсан ажилтан Katharina Bartnig, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Marina Hermann болон бусад зочид төлөөлөгчид Баянгол дүүрэгт зочиллоо. Энэ үеэр дүүргийн 28-р хороо болон Монгол Германы хамтарсан 38-р сургуульд зочилсон бөгөөд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зочид төлөөлөгчидтэй уулзаж халуун дотно яриа өрнүүллээ. Уулзалтын эхэнд Шонефелд дүүргээс ирсэн зочид төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг даргад Шонефелд дүүргийн Засаг дарга Christian Hentschel мэндчилгээг уламжилж улмаар хамтран ажиллах чиглэлүүдээ улам тодорхой болгож өргөжүүлэх талаар санал солилцов.

