8 цаг, 52 мин өмнө
Баянгол дүүргийн Менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд холбогдох хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдээс гадна 1-34 хорооны Засаг дарга, дүүргийн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон хот нийтийн аж ахуйн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 1-34 хорооны Засаг дарга нараас хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ ямар байгаа талаар мэдээлэл авч, хангалтгүй ажиллаж байгаа ААНБ-уудыг ажлаа сайжруулах, хороодын Засаг дарга нарыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн Шуурхай зөвлөгөөний үеэр Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс цаг үеийн асуудлаар буюу,
Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, тохижилтын ажлын явц,
Баяр наадмын үеэр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний хариуцлагатай жижүүр ажиллах хуваарь болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:
Явган хүний гарцын гэрэлтүүлгийг 7-р сард багтаан дуусгах,
Дүүргийн нутаг дэвсгэрт хийх их цэвэрлэгээнд ААНБ, СӨХ-дыг татан оролцуулж орчны 50 метр газрыг тохижуулах, хаяг, хаягийн байгууламжийг угаах,
Их цэвэрлэгээний хүрээнд явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэх, боржур будах ажлыг зохион байгуулах,
Зүлэгжүүлсэн ногоон байгууламжийг услах, арчлах ажлыг СӨХ-дод хариуцуулж хороодын Засаг дарга нар хяналт тавих,
Энхтайвны өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөөний зам дагуу хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээнд онцгой анхаарч, шаардлагатай тохиолдолд нэмэлт өдрүүдэд ажиллах,
Эвдэрсэн хайс, хашлагуудыг засаж, будах ажлыг хороодыг Засаг дарга хяналт тавьж, хариуцсан байгууллагуудад шаардлага тавих,
Хашлагагүй ногоон байгууламжийн тоог гаргаж холбогдох хэлтэст өгөхийг үүрэг болголоо.