3 цаг, 6 мин өмнө
Баянгол дүүрэг Япон Улсын Канагава мужийн Сагамихара хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлж, дүүргийн талаар товч танилцуулга мэдээлллийг өглөө. Тэрбээр “Баянгол дүүрэг боловсрол, эрүүл мэнд, соёл, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр Япон Улстай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид худалдаа, үйлдвэрлэл, инноваци, үйлчилгээний салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байна. Энэхүү уулзалт нь хоёр талын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, бодит төсөл, хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэв.
Энэхүү уулзалтын хүрээнд хоёр тал худалдаа, үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ, хүний нөөцийн хөгжил, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, Баянгол дүүрэг болон Сагамихара хотын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, бизнес эрхлэгчдийн харилцан айлчлал, туршлага солилцоо, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, хүнс, худалдаа, үйлчилгээний салбарын талаар мэдээлэл өгч, Япон Улсын зах зээл, технологи, менежментийн туршлагыг нутагшуулах, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын байгууллагуудын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад Баянгол дүүргийн талаас ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй албаны хүмүүсийн төлөлөөл, Япон Улсын талаас Сагамихара хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Ёошики Сүгиока тэргүүтэй нийт 22 төлөөлөгч оролцлоо.
Япон Улсын Канагава мужийн Сагамихара хот нь 710 мянга гаруй хүн амтай. Тус хот нь Японы Агаарын сансрын хайгуулын агентлаг (JAXA)-гийн томоохон салбар болох Sagamihara Campus байрладаг гэдгээрээ алдартай бөгөөд Сагами гол, Миягасе нуур орчмын бүс, нийслэл Токиотой ойрхон байрладаг учир аялал жуулчлал, үйлдвэрлэлийн хосолсон хөгжилтэй хот юм. Мөн автомашины эд анги болон холбогдох үйлдвэрүүд болон жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд өндөр технологи, нарийн технологийн үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд олон тооны аж үйлдвэрийн паркуудтай аж.
Уулзалтын төгсгөлд, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хаалтын үг хэлж, өнөөдрийн уулзалт үр дүнтэй болж, хэлэлцсэн санал, санаачилгууд бодит ажил хэрэг болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн, хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжихийг хүсэн ерөөв.