Баянгол дүүрэг ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлж 2025 оны 12 дугаар сард Монгол Улсаас анх удаа Дэлхийн суралцагч хотуудын дэлхийн сүлжээ(UNESCO GNLC)-нд нэгдэн орсон.
Ингэснээр Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс “Суралцагч хот-Баянгол” дүүргийн иргэн бүрд насан туршдаа суралцах, хөгжих боломжийг олгох, сайн туршлагаа хуваалцах чиглэлээр олон арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр дүүрэг орон нутгийн зүгээс иргэдийн насан туршийн суралцахуйг дэмжих амлалтын хүрээнд Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн 2 дахь салбарыг нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд БЕГ-ын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Д.Энхтулга, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, БНСУ-ын түнш байгууллага “The K-Bolt” ХХК-ийн захирал Ким Жэ Чол, “SGG Frend” ХХК-ийн захирал Ц.Оюун-Эрдэнэ болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн 2 дахь салбарын сургалтын орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэхэд дүүргийн ЗДТГ болон БНСУ-ын түнш байгууллага “The K-Bolt” ХХК, “SGG Frend” ХХК үнэтэй хувь нэмэр оруулсан. Тодруулбал, дүүргийн ЗДТГ “Steam” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч үйлдвэрлэгч байгууллага болох “The K-BOLT”ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр дүүргийн Насан туршийн боловсролын төвийн шинэ салбарт “Боловсролын чанар, хиймэл оюун ухаан , “Steam” боловсрол, робот техник, дижитал технологийг хөгжүүлэх зорилгоор бодит хөрөнгө оруулалт хийлээ. Ингэснээр тус салбарт I’M BRICK төслийг хамтран хэрэгжүүлж, хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээ, инженерчлэл, технологийн ур чадварыг хөгжүүлэх сургалтын шинэ боломж бүрдэж байгаа бөгөөд “Суралцагч хот-Баянгол” дүүргийн иргэд робот, дрон угсрах, бүтээх, турших замаар мэдлэгээ практикт хэрэглэх боломжтой болж байна.