3 цаг, 45 мин өмнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 20-ны өдөр нийслэлийн нутгийн захиргааны 69 байгууллагын хууль, эрх зүйн 130 гаруй албан хаагчийн эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдлыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, Монгол Улсын их сургуулийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл “Хүмүүн байхын учир ёс суртахуунд нь оршвой” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа” сэдвээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн ахлах шинжээч О.Ичинхорлоо “Захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, батлахад анхаарах зарим асуудал” сэдвээр, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Замилан “Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах зарим асуудал” сэдвээр, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал” сэдвээр сургалт хийлээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын сургагч багш Т.Оюундарь “Албан бичгийн найруулга зүй” сэдвээр, Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний хууль тотоомжийг сурталчлах, “Шар дарцаг” аяны талаарх мэдээлэл, “Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох журам”-ын талаар тус тус мэдээлэл хийлээ.
Сургалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын албан хаагчид сургалтад оролцогч албан хаагч нартай хууль тогтоомжийн хүрээнд гарч буй хүндрэл бэрхшээл, сайжруулах санал, анхаарах асуудал зэрэгт санал солилцсон, үр дүнтэй сургалт боллоо.






