МАН: Цахим засаглалыг дэмжсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

3 жил, 4 сар өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг  өнөөдөр /2021.05.03/ ээлжит хуралдаанаа хийж, Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсч, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрхийн эрх зүйн орчныг сайжруулах, төрд цугларсан мэдээллийг боловсруулж, нээлттэй өгөгдөл болгон иргэн, хуулийн этгээд чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлэх, цахим баримт бичгийг цаасан суурьтай баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэж мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг хангаж, төсөв санхүүгийн хэмнэлт гаргана гэж үзэж байна.

Түүнчлэн хувь хүнийг тодорхойлох боломжтой аливаа мэдээллийг хадгалж, хамгаалах зорилготой Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөр одоо үйлчилж байгаа Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдаагүй орхигдсон хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх болон цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар тусгаж Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлжээ. Мөн энэ хууль батлагдсанаар хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авч цуглуулах, ашиглах нөхцөл бүрдэх юм байна.

Цахим засаглалыг дэмжсэн өөр нэгэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл бөгөөд энэ хуулиар Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгож, түүний иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсэг хэрэглэхтэй холбоотой мэдээллийг байршуулахаар зохицуулж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэж болохоор тусгажээ.

Ингэснээр хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх зэргээр цаасан суурьтай хэрэглээнээс татгалзахад ач холбогдол бүхий хуулийн төсөл болсон талаар судлаачид тайлбарлалаа.