3 жил, 4 сар өмнө
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо Л.Оюун-Эрдэнэ дөрвөн зорилтоо танилцуулсан. Түүний зуун хоногт хийсэн ажилд дүн тавих цаг иржээ. Товчхондоо, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл У.Хүрэлсүхээс Л.Оюун-Эрдэнэ шилжээд зуу хоног болж байна. Түүний Засгийн 100 хоног ирэх долоо хоногт тохионо. Энэ 100 хоногт Л.Оюун-Эрдэнийн засаг юу амжуулж, юун дээр алдав. Мэдээж, түүнээс хамгийн түрүүнд асуух асуулт энэ юм.
Зорилт 1: Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ.
Түүний засаг бүх нийтийн дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд эхлүүлж, өнөөдрийн байдлаар 1.3 сая иргэн нэг, хоёрдугаар тунгаа хийлгэжээ. Тодруулбал, Монгол Улсын 18-аас дээш насны 947 мянган иргэн вакциныхаа нэгдүгээр тунг хийлгэсэн бол 451 мянга гаруй иргэн хоёрдугаар тунгаа хийлгүүлжээ. Хөдөө орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн.
2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг "Our World in Data"-д мэдээлсэн байна. Гэхдээ энэ бол тайвшрах үзүүлэлт биш. Covid-19-гүй зуныг угтахад ганц Засгийн газраас биш иргэдийн хичээл зүтгэл, идэвх оролцооноос бас хамаарч буй юм. Учир нь дэлхий дахин вакцины хомсдолтой, цар тахлаас болж ганцхан хоногт олон мянгаараа амиа алдаж байхад Монголын Засгийн газар иргэдээ covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг гуйж, гувшиж сууна.
ЗОРИЛТ 2: Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн өсөлттүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно.
Түүний Засгийн газар эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа дэмжих цогц бодлого хэрэгжүүлэхээр 10 их наядын төсөл хөтөлбөр зарласан. Уг хөтөлбөрийн гол зорилго нь цар тахлын үед эдийн засгийн хямралд орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг хамгаалж үлдэх зорилготой. Сангийн яамнаас мэдээлснээр нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг 48442 иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн бөгөөд 619 тэрбум төгрөгийн зээлийг 1368 аж ахуйн нэгж, 7662 иргэнд олгожээ.
Нөлөө талаас төсвийн алдагдлыг бууруулах, цалин тэтгэвэр, тэтгэмжээ цаг хугацаанд тавихын тулд татвар төлөгчдөө дэмжихээс аргагүй нөхцөл байдал үүссэн. Зарим салбарынхан гэхэд бүтэн жил ажил орлогогүй суулаа. Тиймээс Засгийн газар эдийн засагтаа цус сэлбэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор 3.3 сая иргэн бүртээ Оюутолгойн "хишиг" болгож 300 мянган төгрөгийг тараасан.
Зорилт 3: Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо
Л.Оюун: Эрдэнэ: Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байна. Цаг алдалгүй дундаж орлоготой иргэдийг дэмжиж үндэсний цоо шинэ тогтолцоонд шилжин орохгүй бол дундчуул маань ядуурлын гүн далай руу өдрөөс өдөрт живсээр байна. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол орон сууцжуулах асуудал юм.
Чинээлэг дундаж давхрага бол аль ч улсын хувьд ачаа үүрэгчид байдаг. Монгол Улсад дундаж давхрага улам бүр хумигдаж, баян ядуугийн эрс ялгаа бий болсон. Нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур амьдралтай. Тиймээс Ерөнхий сайдын дундаж давхрагыг дэмжих бодлогыг эдийн засагчид эерэгээр хүлээж авсан юм. Дундаж давхрага томрох тусам баян ядуугийн ялгаа арилж, төрд тавих хяналт нэмэгддэг.
Чинээлэг дундаж давхрагыг дэмжихийн тулд орон сууцжуулах ёстой гэж Ерөнхий сайд амласныхаа дагуу Засгийн газар залууст зориулсан “Залуус 1,2,3” хорооллыг барихаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хариуцуулсан.
Зорилт 4: Шударга ёс, цахим засаглал
Л.Оюун-Эрдэнэ: Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ. Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. "E-Мongolia" цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно.
Засгийн газар газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах, төмөр замын төслүүдээ яаравчлахад анхаарч ажиллаж буй. Гэхдээ мэдээж, энэ бүхнийг 100 хоног буюу гуравхан сарын дотор амжуулах боломжгүй.
Ямар ч байсан эхний амлалт ёсоор 100 хоногийн дотор иргэдээ дархлаажуулах хангалттай вакцин гаднаас авчирлаа. Улс орнууд вакцины эрэл мордож байхад Монгол Улс өнөөдрийн байдлаар 736348 тун вакцин нөөцдөө "хадгалчихсан". Ийм улс дэлхий дээр цөөхөн байна, Израйль зэрэг өндөр хөгжилтэй улсыг эс тооцвол.