3 жил, 4 сар өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ тодруулаад байна. Албан ёсоор МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нарыг тодруулсан бол Ардчилсан намын /АН/ хоёр тал С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлэхээр сонгов. Хоёр удирдлагатай болсон АН Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ тодруулаад байгаа ч хэн нь албан ёсны нэр дэвшигч вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Учир нь С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааныг талаас О.Цогтгэрэл тодорсон. Хоёр тал дарга нарынхаа материалыг шүүхэд хүргүүлсэн ч Дээд шүүхээс улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, УИХ-д суудалтай улс төрийн намууд тавдугаар сарын 3-5-ны дотор Сонгуулийн Ерөнхий хороонд /СЕХ/ зөвхөн нэг нэр дэвшигчийг тодруулж материалыг нь хүргүүлэх ёстой. Тиймээс АН-ын хоёр нэр дэвшигчийн аль нэгийг нь СЕХ бүртгэх тул маргаан, зөрчлөө дотооддоо шийдвэрлэснээр асуудал цэгцрэх учиртай.
Хэрэв АН-аас хоёр хүн нэр дэвшүүлсэн тохиолдолд СЕХ бүртгэхээс татгалзах магадлал маш өндөр. СЕХ нэр дэвшигчийг бүртгэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд АН өнжинө.
М.Тулгат даргатай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өчигдөр /2021.05.03/ тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг Үндэсний аудитын газарт хүлээлгэж өгсөн байна.
"СЕХ БҮРТГЭХГҮЙ БАЙХ ҮНДЭСЛЭЛГҮЙ"
АН дотоод маргаанаасаа болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүй болох вий гэсэн асуултад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Намын даргын асуудал АН-ын дотоод асуудал. Маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хороо шийддэг. Үүнд шүүх оролцохгүй байх хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд л хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. СЕХ бүртгэхгүй байх үндэслэлгүй. Хэрэв хүлээж авахгүй бол холбогдох журмын дагуу гомдол гаргана. Учир нь СЕХ-ны шийдвэр хуульд нийцэх ёстой. АН 2020 оны УИХ-ын сонгуульд суудал авсан. Улсын бүртгэлд бүртгэлтэй, хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлсэн нь М.Тулгат даргатай АН. Зөвхөн намын даргын асуудал дээр л маргаан үүсээд байгаа болохоос биш АН байхгүй болсон зүйл биш. Намын шинэ дарга Дээд шүүхээр бүртгэгдэх хүртэл хуучин дарга нь хууль зүйн талаасаа хүчинтэй гэсэн үг” хэмээн хариулав.
Харин О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалаас дээрх асуудлаар тодруулга авах гэсэн боловч холбогдож чадсангүй.
Ямартай ч УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр АН нэг хүн нэр дэвшүүлэхээр ярилцаж буйг дуулгасан.
УИХ-д суудалтай АН-ын 13 гишүүн нь О.Цогтгэрэл даргатай АН-ыг дэмжиж байгаа учраас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь үүссэн гэж тэд үзжээ. Ерөнхийдөө АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж орж чадахгүй бол ялагдах нь гэсэн эргэлзээ олон хүнд бий. СЕХ нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг энэ сарын 8-ны дотор шийдвэрлэх юм.
Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргатай холбоотой маргааныг өнөөдөр /2021.05.04/ шийдвэрлэнэ. Хэрэв Улсын дээд шүүх М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэвэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвших боломж бүрдэх юм.