С.Эрдэнэ үү & Н.Алтанхуяг уу?

3 жил, 4 сар өмнө

Хуулийн хугацаанд багтаан УИХ-д суудалтай нам, эвслүүд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, Үндэсний аудитын газарт холбогдох материалаа хүргүүлээд байгаа билээ. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, “Зөв хүн электорат" эвслээс  "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар өрсөлдөхөөр болсон.

АН-ын тухайд нам дотроо хоёр тусдаа дотоод сунгаа зохион байгуулснаар Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч тодорсон. Тодруулбал, О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн санал асуулгаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 81.06 хувь буюу нийт 43994 хүний санал авч, ялалт байгуулсан. М.Тулгат даргатай АН-ын цахим сонгуульд нийт 142992 гишүүний 75879 нь оролцож, С.Эрдэнэ хамгийн олон саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа юм. Тэдний хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ ойрын өдрүүдэд эцэслэнэ. Үүнээс гадна АН-д мөн тамгатай холбоотой маргаан шүүх дээр эцэслэгдээгүй байгаа юм. Өчигдөр АН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурал товлогдсон боловч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Ямартай ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ аваад буй хоёр нэр дэвшигчийн байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

АН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ Н.АЛТАНХУЯГ:
 

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх намын дотоод сонгуулиар намайг тултал нь дэмжиж саналаа өгсөнд маш их баярлаж, талархаж байна. Би маш их урам зориг авсан. Дотоод сонгуулийн санал хураалтын үеэр олон аймаг, дүүрэг, хорооноос гишүүд маань надтай ярилаа. Юуг ойлгов гэхээр манай нам бөөнөөрөө, нэг цулаараа, бат бөхөөрөө хэвээр байгаа юм байна. Манай нам салаад явсан янз бүрийн юм алга. Бид үнэхээр бөөндөө, цулаараа хүчтэй хэвээр байгаа юм байна.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болвол Ерөнхий сайдтай, Авлигатай тэмцэх газартай, УИХ гишүүдтэй, Цэцтэй бараг МАН-ын улс болно. Хамаг эрх мэдлээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан Ерөнхийлөгч болох Х.Баттулгыг муур хулганадаж байгаад гаргачихлаа. Ийм нөхцөл байдалд шударга ёсыг тогтоож, шударга бусын хонгилыг халах хэрэгтэй. МАН-ыг тэр чигээр нь харлуулж болохгүй. Шударга ёс ярьсан гишүүд маань албан тушаал аваад чимээгүй болж болохгүй. Нэг хүний улс болохоос аврах боломж та нарт байгаа. У.Хүрэлсүх зургаан жил өндөр албан тушаалд байсан ч одоо Ерөнхийлөгч болохгүй л бол энэ улсыг авч явж чадахгүй байна гэдэгт итгэхгүй байна. Монголд хүний эрхийг зөрчдөг, өрсөлдөгчөө намнадаг зүйл байж болохгүй гэж 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, энэ бүхнийг өөрчилнө гэж хэлж байсан. Тэр үеийн нөхцөл байдал одоо тохиолдож байна. Харин ч бүр нэг намын дарангуйлалд ороход ойрхон байна. Тийм ч учраас миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. 

АН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭ:
 

Надад итгэл хүлээлгэж, энэхүү хариуцлагатай албыг үүрэх үүрэг хариуцлага ногдуулж байгаа АН-ын нийт гишүүд, эрхэм журмын нөхөд, гишүүд дэмжигчдэдээ гүн талархал илэрхийлэхийн ялдамд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан Ерөнхийлөгч байх болно гэдгээ илэрхийлмээр байна.

Бидний өмнө маш амаргүй олон асуудал хуримтлагдаж байна. Монгол түмний хувьд өнөөдөр нийгэм, эдийн засаг, улс төрийн таагүй нөхцөл байдлыг хэрхэн, яаж даван туулах вэ гэдэг асуудал туйлын чухал. Тэр дундаа монголчуудын нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлын гарц, гаргалгааг хэрхэн гаргах вэ гэдэг нь дараагийн шинэ Ерөнхийлөгчийн хамгийн эхний анхаарлаа хандуулах чухал асуудал гэж харж байна. АН бүтээн байгуулагч улс төрийн хүчин. Манай нам хоёр удаа олонхи болж, бусад намуудтай эвслийн Засгийн газар байгуулж, улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн гэсэн өнгө нэмэхийг зорьж ажилласан.

Парламентын засаглалыг дээдэлсэн, гүйцэтгэх засаглалын ачааг дэмжсэн, Ерөнхийлөгчийн эрх үүрэгт хамааралгүй асуудалд оролцдоггүй, хуулийн чиг үүргийн дагуу гүйцэтгэх үүрэг, хариуцлагаа өндрөөр ухамсарласан Ерөнхийлөгч байж чадна гэдгээ хэлмээр байна.