АНУ-ын улстөрчид Бээжингийн олимпийг бойкотлохыг уриалав

3 жил, 4 сар өмнө

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өчигдөр /2021.05.18/ дэлхийн удирдагчдад хандан Бээжингийн олимпийг бойкотлохыг уриаллаа. Тэрбээр Хятадын Шинжаанд явуулж буй геноцидыг буруушааж байгаа аж. Нэнси Пелоси “Миний зорилго бол дипломат бойкот. Төрийн тэргүүнүүд Хятадад айлчилж, тэднийг хүндэтгэх хэрэггүй. Төрийн тэргүүнүүд геноцид явагдаж буй Хятадад очоод, тэдний суудал дээр сууж байхдаа хүний эрхийн талаар дахин ярих ёс суртахуунтай эсэхээ бодоорой. Энэ асуудал дээр чимээгүй байх нь зүй ёсонд үл нийцэх хэрэг. Бид Хятадын доромжлолыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг” гэв.

Мөн конгрессийн гишүүн Жим МакГоверн 2022 оны өвлийн олимпийг өөр улсад, өөр хотод зохион байгуулж болно гэж бодож байна. Тэрбээр “Зуны олимпийг цар тахлын улмаас нэг жил хойшлуулж болж байгаа бол өвлийн олимпийг ч гэсэн геноцидын улмаас нэг жил хойшлуулж болно. Энэ нэг жилийн хугацаанд олон улсын олимпийн хороо харгислал үйлддэггүй улсад өвлийн олимпоо дахин зохион байгуулах талаар бодно биз” хэмээжээ.

Жо Байдены засаг захиргаа хүний эрхийн асуудал дээр онцгой анхаарч байгаа бөгөөд удахгүй Бээжингийн олимпийн талаар тодорхой арга хэмжээ авах гэнэ.