Б.Амгалан: Хөгжлийн банкны олон улсын жишигт нийцсэн “Тогтвортой санхүүжилтийн хүрээ” бодлогын баримт бичгийг Moody’s Ratings "Сайн” гэж үнэллээ

3 сар, 14 өдөр өмнө

Тогтвортой санхүүжилт болон цаг үеийн асуудлаар Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Амгалантай ярилцлаа.

- Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орнууд ногоон эдийн засаг, ногоон санхүүжилтийн зарчмуудыг чухалчлах болсон. Манай улс тэр зарчимд хэр зэрэг нийцэж чадаж байгаа бол. Ялангуяа, Хөгжлийн банк энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

- Дэлхийн дулаарал эдийн засгуудад хэрхэн нөлөөлж байгаа, ямар эрсдэл учруулаад байгаа талаар дурдах нь зүйтэй байх. Уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг улс орнууд биет (physical) болон шилжилтийн (transition) эрсдэл гэж ангилж үзэх болсон. Биет эрсдэлд байгалийн гамшгаас үүдэлтэй бодит хохирлыг авч үздэг бол шилжилтийн эрсдэл нь харьцангуй шинэ ойлголт буюу олон улсын хэлэлцээр, бодлого журмын шинэчлэлтэй холбогдон үүсэх эрсдэлийг тодорхойлж байна. Дэлхийн Эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн эрсдэлийн тайлан”-д тусгаснаар ойрын 10 жилд учирч болзошгүй топ 5 эрсдэлээс 4 нь байгаль орчин, уур амьсгалтай холбоотой байгаа нь ногоон эдийн засаг, ногоон санхүүжилтийн зарчмуудыг чухалчлахаас аргагүй болж буйг илтгэж байгаа юм. 

Парисын хэлэлцээрийн хүрээнд 196 орны төрийн тэргүүнүүд дэлхийн дулаарлыг 1.5 цельст барих, цаашлаад 2 цельсээс хэтрүүлэхгүй байх зорилтыг 2015 онд тавьсан ч судлаачдын үзэж буйгаар улс орнууд илүү хүчин чармайлт гаргахгүй бол 2100 он гэхэд дэлхий 4.2 цельсээр халахаар байгааг анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт 2030 он гэхэд дэлхийн эдийн засгийг дор хаяж 20% агшихад хүргэх тооцоо гарчихсан, энэ бүхэн хэдийн бодит эрсдэл үүсгэж болзошгүй болчхоод байгаа юм. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлт нь Азийн орнуудад 26.5%, Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засгийг 37.4% агшихад хүргэж, хөгжиж буй орнуудад нөлөөлөл нь илүү хүнд тусах учраас байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэж болно.  

 

Монгол Улс дэлхийн дулааралд хамгийн хүчтэй өртөж байгаа орнуудын нэг. Дэлхийн агаарын дундаж теператур 1.5 хэмээр нэмэгдсэн бол манайд 2.1 градусаар дулаарсан гэсэн тооцоо байна. Дэлхийн улс орнууд 2030, цаашлаад 2050 он хүртэл хүлэмжийн хийг 1990 оны түвшинд хүргэж бууруулахын тулд нүүрс болон бусад шатмал түлшнээс татгалзаж, энэ салбарт санхүүжилт олгохгүй байх шийдэмгий алхмыг хэрэгжүүлж эхэлснийг бид мэднэ. Тийм ч учраас Монгол Улс дэлхийн ногоон эдийн засгийн индексээр 2022 онд 160 орноос 125 дугаарт эрэмбэлэгдэж, ногоон эдийн засгийг нэн яаралтай эрчимжүүлэх шаардлагатай орнуудын тоонд багтаад байгаа. Хөгжлийн банкны хувьд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна байгаль орчин, нийгмийн үр нөлөөллийн үнэлгээ бүхий төслүүдийг санхүүжүүлэх бодлого баримталж ирсэн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаанд банкны дотоод бэлэн байдлыг хангах, хүний нөөцийг чадавхжуулахад илүү анхаарч ажиллалаа. Ялангуяа, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын санхүүгийн томоохон байгууллагуудаас туршлага судлан цаашид тогтвортой санхүүжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны замын зургийг боловсруулж, “Тогтвортой хөгжлийн бодлого” болон “Тогтвортой хөгжлийн тунхаг”-ийн баримт бичгээ баталсан нь онцлох ажил байлаа.

Мөн Тогтвортой санхүүжилтийн хүрээг боловсруулж, тус баримт бичиг нь ногоон болон нийгмийн бондын зарчимтай нийцэж байгаа эсэх дээр хөндлөнгийн үнэлгээг олон улсын нэр хүнд бүхий Мооdy’s Rating-ээр гаргуулж, “Good” буюу “Сайн” гэсэн үнэлгээ аваад байна. (“Moody’s Ratings”-ийн тайлантай танилцана уу).

- Тогтвортой санхүүжилтийн хүрээ баримт бичиг нь ямар ач холбогдолтой вэ?

- Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн чиглэлээр олон улсын стандартад нийцсэн үндсэн баримт бичигтэй болсон гэсэн үг. Мооdy’s Ratings-ийн хөндлөнгийн үнэлгээ нь тогтвортой хөгжлийн зарчмуудад нийцэж буй байдал (Alignment with principles), тогтвортой хөгжилд үзүүлж буй нөлөө (Contribution to sustainability) гэсэн хоёр ангиллаар гардаг. Ногоон, нийгмийн бонд, зээлийн зарчмууд болон тогтвортой бондын удирдамж зэрэг баримт бичгүүдэд Хөгжлийн банк “Нийцсэн” гэсэн үнэлгээ авсан. Харин тогтвортой санхүүжилтийн хүрээнд тусгагдсан төсөл, зээлийн ангиллууд нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хэр хамааралтай, ямар нөлөө үзүүлэх хэсэг дээр “Дунд зэрэг” гэсэн үнэлгээг авсан.

Үнэлгээг нарийвчлан авч үзвэл, ногоон болон нийгэмд чиглэсэн олон төрлийн төсөл, хөтөлбөрийг багтаасан буюу энэ төрлийн санхүүжилт олгох боломжтой болсон нь давуу тал байсан ч тэдгээр ангилалд зориулагдсан манай дотоодын стандарт боловсронгуй биш, хангалтгүй байгаа нь цаашид анхаарах асуудлуудын нэг байлаа. 

Хөгжлийн банкны Тогтвортой санхүүжилтийн хүрээ нь олон улсын хөрөнгийн зах зээлийн нийгэмлэг (ICMA)-ээс гаргасан Ногоон бондын зарчим, Нийгмийн бондын зарчим болон Тогтвортой хөгжлийн бондын удирдамжтай нийцсэн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд хамтран ажиллах, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой. 

Уг баримт бичиг баталгаажсанаар Хөгжлийн банк олон улсын зах зээлээс эх үүсвэрийг татан төвлөрүүлэх замаар байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулсан төслийг санхүүжүүлэх боломжтой болж, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Тогтвортой санхүүжилтийн хүрээ баримт бичиг шаардлагатай юм. Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчин, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг уг хөндлөнгийн үнэлгээнд онцолсон.

 

- Тогтвортой санхүүжилтийн хүрээг баталгаажуулснаар ямар хэмжээний зах зээл нээгдэж байгаа талаар та илүү тодруулж тайлбарлахгүй юу? 

- Бид Тогтвортой санхүүжилтийн хүрээ баримт бичгээ дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох MUFG банкны тогтвортой санхүүжилтийн зөвлөх багтай хамтран боловсруулж, “Moody’s Rating” олон улсын үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан.

MUFG нь 2023 оны эцэст 2.9 их наяд ам.лолларын хөрөнгөтэй дэлхийн тэргүүлэгч санхүүгийн байгууллага юм. Олон улсын хөгжлийн банкууд болон санхүүгийн байгууллагуудаас тогтвортой хөгжлийг дэмжсэн, байгаль орчин, нийгэмд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Ногоон бонд гаргах үйл ажиллагаа нь сүүлийн 9 жилийн хугацаанд тогтмол өссөн үзүүлэлттэй байдаг. Тухайлбал, олон улсын байгууллагын мэдээгээр 2013 онд 11 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний “Ногоон” бонд гарч байсан бол 2022 онд энэ үзүүлэлт 40 дахин өссөн буюу 443.7 тэрбум ам.долларт хүрсэн.

2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон улсын хэмжээнд тохиролцсон зорилтуудыг биелүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд олон улсын хэмжээнд хэрэгцээтэй санхүүжилтийн хэмжээг 4 их наяд ам. доллароос давуулах шаардлагатай гэж олон улсын байгууллагаас үзэж байна.

 

Хөгжлийн банкны зүгээс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй байх гэсэн олон улсын стандарт, босго шалгууртай нийцэж Тогтвортой санхүүжилтийн хүрээ баримт бичгээр тодорхойлж байгаа. Мөн зээл, санхүүжилтийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, олон улсын зах зээлээс татан төвлөрүүлэх эх үүсвэрийг хэрхэн удирдаж, шалгуурт нийцсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэмжиж тайлагнах тухай тус баримт бичигт тусгагдсан.

-Тухайлбал энэ баримт бичигт ямар төслүүд хамаарах вэ? Хөгжлийн банкнаас энэ хүрээнд санхүүжүүлж болох ямар төслүүд байна вэ?

- Тогтвортой санхүүжилтийн хүрээ баримт бичигтэй болсноор эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, ус болон хаягдал усны тогтвортой менежмент зэрэг нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөр багтах бөгөөд манай улсын хувьд орлогод нийцсэн орон сууц, суурь дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүд болон үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Мөн усны хомсдол, усны чанарын асуудлыг шийдвэрлэх зорилготой байгууламжийн төслүүд, ус дахин боловсруулах буюу бохир ус цэвэрлэх барилга байгууламж барих төслүүд нь ногоон төсөлд хамаарах учраас санхүүжилт олгох боломжтой гэсэн үг. Энэ ангилалд тухайн төсөл хамаарах уу гэдэг гол шалгуур нь Үндэсний ногоон таксономийн дагуу дор хаяж усны 20%-ийн хэмнэлт үүсгэх ёстой юм. Нийгмийн зээлийн ангилалд орлогод нийцсэн орон сууц хамаарах ба байршлын хувьд хотын төв, тансаг зэрэглэлийн биш, дахин төлөвлөлтийн бүсэд байрлах зэрэг шаардлага тавигдана.

 

-Монгол Улс, Хөгжлийн банк яагаад ногоон санхүүжилтийг дэмжих шаардлагатай талаар энд тайлбарлах хэрэгтэй болов уу. Ногоон эдийн засаг, ногоон санхүүжилтийг чухалчилж байгаа энэ үед Хөгжлийн банк хэрхэн ажиллаж байна вэ?

- НҮБ-ийн COP 26 өндөр түвшний уулзалтаар дэлхийн ихэнх улс орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг амлалтаа ахиулсан байдаг. Монгол Улс ч мөн үүнд хүрэхийн тулд санхүүгийн салбараар дамжуулж, ногоон санхүүжилтийн хөгжлийг хурдасгах чиглэлд банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдаараа дамжуулан нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой нөлөө үзүүлдэг учраас 2030 он гэхэд тогтвортой ногоон зээлийн багцын хэмжээг банкны салбарт 10%-д хүргэх зорилт тавьсан. Энэ түвшинд хүргэхэд жил бүр 1 тэрбум ам.доллар шаардлагатай ба энэ хэмжээний дүнг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй учраас ногоон санхүүжилтийн эх үүсвэр чухал юм.

 

Хөгжлийн банкны зээлийн багцын ногоон таксономид нийцэж байгаа хувь хэмжээ 2023 оны жилийн эцсийн байдлаар 5% орчим байгаа юм. Үүнд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх, усны хэмнэлттэй эко цементийн үйлдвэр, хог хаягдал дахин боловсруулах, малын гаралтай органик бордоо хийх, цахилгаан автобусаар парк шинэчлэх зэрэг төслийг нэрлэж болно. Энэ хувь хэмжээг 2030 он гэхэд 15 хувь хүртэл нэмэгдүүлэхээр бид зорин ажиллаж байна.

2021 онд НҮБ-аас санаачилсан Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан “Хөгжлийн банкны үндэсний тогтвортой хөгжлийг санхүүжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зөвлөмж”-ийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусгах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Жишээ дурдвал, санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, тайлагнах зорилгоор “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (Partnership for Carbon Accounting Financils) олон улсын хамтын ажиллагааны байгууллагад 2023 онд гишүүнээр нэгдсэн.

Тус байгууллага нь зээл, хөрөнгө оруулалттай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэн, ил тод болгох нэгдсэн арга барил, стандартыг боловсруулж хэрэгжүүлэх хүрээнд санхүүгийн байгууллагуудтай  хамтран  ажилладаг олон улсын байгууллага. Мөн 2026 он гэхэд банкны санхүүжилтийн үйл ажиллагаанаас үүсэх  хүлэмжийн хийн ялгарлыг  үнэлэн, тайлагнах үүргийг хүлээж буй тул өмнө дурдсан Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд тодорхой хувь нэмэр оруулах зорилт”-д банкны хувь нэмрийг оруулах боломж бүрдэх юм.

- Монгол Улсад Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 10 жил болж байгааг ТоС холбооноос мэдээлсэн. Тус холбооны үйл ажиллагаа болон гишүүн байгууллагын хувьд танай банк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч, ажиллаж байна вэ?

- Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас олон улсын зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлж, Монгол Улсын нийгэм эдийн засагт хувь нэмэр оруулах эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, авто зам, төмөр зам, инженерийн дэд бүтэц зэрэг салбарын 7.5 их наяд гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Хөгжийн банкнаас санхүүжүүлсэн төслүүдийн үр дүнгээс дурдвал 2018 он буюу хамгийн олон төсөл хэрэгжиж байсан хугацаанд зээлдэгчдээс авсан судалгаагаар 9,630 ажлын байрыг хадгалж, 5,480 орчим ажлын байр шинээр бий болгосон байдаг. Энэ нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын “эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох” зорилгод тодорхой хэмжээний нөлөө үзүүлснийг илтгэнэ. Түүнчлэн Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт 300 гаруй сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд үр дүнд нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 312МВт, дулааны эрчим хүчний эх үүсвэрийг 464МВт-аар нэмэгдүүлсэн.

Бид Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-той 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2021 оноос тус холбооны үндсэн гишүүн болсон. Энэ хүрээнд зээлийн үйл ажиллагаанд оролцдог ажилтнуудыг тогтвортой, ногоон чиглэлийн эрсдэлийн менежментийн сургалт, зөвлөгөөнд хамруулж мэдлэг, мэдээлэл олгохын зэрэгцээ бусад байгууллагаас туршлага судлах болон дотооддоо холбогдох дүрэм, журам боловсруулахад зөвлөмж авч хамтран ажилласан.

- Манай улсын гол ашиг орлого ДНБ-ий дийлэнх нь уул уурхай тэр дундаа нүүрснээс шууд хамааралтай. Ийм улс оронд ногоон эдийн засаг, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүнээс ашиг олох боломж хэр байгаа тухай асуумаар байна?

- Дэлхийн олон улс нүүрснээс хамаарсан эрчим хүчний эх үүсвэртэй. Үүнээс болоод ногоон эдийн засгийн шилжилт гэх ойлголт гарч бөгөөд олон улсад нүүрсний цахилгаан станцаас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих тренд бий болсон. Тухайлбал, нар, салхи, болон усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх боломжтойгоос гадна сүүлийн үед хог хаягдлаас ч эрчим хүч үйлдвэрлэх туршлагууд хэрэгжиж байна.

 

Монгол Улс нар, салхи болон усан цахилгаан станцуудыг аль хэдийн ашиглаж эхэлсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр багагүй туршлагатай болсон гэж хэлж болно. Гэсэн ч манай улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээрээ олон улсад 158 дугаарт бичигдэж байгаа нь цаашид энэ салбарт хөрөнгө оруулж, зохистой харьцааг бий болгоход хувь нэмрээ оруулж, хөгжүүлэх шаардлага байгааг харуулж байна.

Бид богино хугацаанд шууд нүүрсний төслүүдээс татгалзах боломжгүй учраас дунд, урт хугацаанд  нүүрсний төслүүдээс үе шаттайгаар татгалзаж, 2050 он хүртэл алхам алхмаар шилжилт хийх нь зүйтэй гэж харж байна. Харин эрчим хүчний салбарын дэд бүтэц сайжирч, хангалттай хэмжээний сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болсон тохиолдолд эрчим хүчээ хойд, урд хөрш руу экспортлон ашиг олох боломжтой болно гэж харж байгаа. 

- Цаашид Хөгжлийн банк үйл ажиллагаагаа хэрхэн явуулж, ямар төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа вэ?

- Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өр барагдуулах чиглэлд төвлөрөн ажиллаад санхүүжилтийн үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Тухайлбал, банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотой зээлийн эргэн төлөлтийг хангуулах чиглэлд төвлөрөн ажилласнаар Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр 500 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иенийн Самурай бондыг төсөвт дарамт учруулахгүйгээр 2023 оны дөрөв дүгээр улиралд төлж барагдуулсан. Энэ ажилд тухайн үеийн удирдлагын багийн гишүүд болох Санхүүгийн газрын захирал Т.Баасанжав болон Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек нар чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Хөгжлийн банкны хувьд энэ үйл явдал нь цаашид үйл ажиллагаагаа шинэчилж, дараагийн шат ахих шилжилтийн чухал цаг үе байсан гэж үзэж болно.

Өнгөрсөн цаг хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн бүх төсөл үр дүнгүй байсан гэж ойлгож болохгүй, сайн жишээ олон бий. Жишээлбэл, барилгын материалын гол түүхий эд болох цементийн үйлдвэрүүдэд 2012-2021 оны хооронд нийт 230 орчим сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Ийнхүү цементийн дөрвөн үйлдвэр дотоодын хэрэгцээг 100% хангах болсноор 800 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын гадагшлах урсгалыг бууруулж чадсан.

Цаашид Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бодлого нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх бөгөөд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний төслүүдээс гадна ногоон хөгжлийн төслүүд үүнд багтаж буй юм.

Нөгөө талд ногоон санхүүжилт татах боломж олон улсад нэмэгдсээр байгааг дээр дурдсан. Учир нь дэлхий өөрөө тогтвортой хөгжилд чиглэж байгаа энэ цаг үед тогтвортой бондын нийлүүлэлт ч өсөн нэмэгдсээр байна. Иймээс энэ зах зээлд эрт орох тусмаа өндөр ач холбогдолтой байх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банк Шинэ сэргэлтийн бодлогод багтсан төслүүдээс Тогтвортой хөгжлийг хангасан төслүүдийг ногоон санхүүжилтийн шалгуурын хүрээнд эрэмбэлснээр хямд ногоон эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой болох юм.